Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбосон авто зам тавигдана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагын хамтаар Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байр /автобус/-даа суун Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын далан барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж. Дугуйн замыг ашиглалтад оруулахад нэмж хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс дуулгасан юм. Хотын Захирагч шаардлагатай хөрөнгийн судалгааг яаралтай гаргаж танилцуулахыг холбогдох албаныханд даалгаад, ирэх 5 дугаар сард дугуйн замыг хийж дуусгахыг үүрэг болгов.