Б.Жаргалсайхан: Нас барсан иргэнээ оршуулах газаргүй болтлоо дампуурлаа шүү
Далан давхар, Цагаан даваа,Буянт-Ухаа, Мянган лант, Орос толгой, Япон цэргийн оршуулгын газрууд дүүрсэн гэдгийг Нийслэлийн удирдлага албан ёсоор зарлав.
Нийтийн буюу үнэ төлбөргүй оршуулгын газар үгүй болж 5-70 сая төгрөгийн үнэтэй хувийн оршуулгын газрууд бий болжээ. Хамгийн хачирхалтай нь хувийн гэх тодотголтой оршуулгын газрын ихэнх эзэд солонгос, хятадууд байх юм. Амьжиргааны түвшин доогуур хүнд гарз хохирол амссан иргэд нас барсан хүнээ ил хаях, нууцаар оршуулах, арын хаалгаар оршуулгын газарт тавьдаг болсон гэх мэдээлэл байна.
Өвөг дээдсийн нутагт талийгаач нартаа оршуулах газар үнэгүй олдохоо байсан гэхэд гайхна. Мөн харь газрын доншуурчид монголчуудад цогцосоо булах газар зардаг энэ байдлыг өөрчлөх цаг болжээ. Нийслэлээс иргэдээ үнэ төлбөргүй, харуул хамгаалалт сайтай оршуулгын газар бий болгох хэрэгтэй байна. Энэ газар нутаг дээр эцэг өвгөд ясаа тавих гэж цусаа юүлсэн юмдаг. Бурхан болоочоо нууж оршуулах дээр тулгасан арчаагүйтсэн төрөөр бид яах юм. Долоо хоног бүр 100-150 хүн бурханы оронд заларч үүнийг дагасан хараа хяналтгүй бизнес хөгжиж буйг хазаарлахгүй бол “Нүглийн хүүдийнүүд” болох нь дээ.