Ким Жон Ун улсад нь коронавирус тархвал "ноцтой үр дагавар" хүлээж байгааг дээд тушаалын хүмүүстээ анхаарууллаа
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн даваа гаригт цэргийн сургуулилт хийсэн гэж тус улсын хэвлэл мэдээллийн "KCNA" агентлаг мэдээлжээ. Тэрбээр олон нийтийн өмнө гарч ирэлгүй 22 өдөр болсны дараа анхныхаа томоохон арга хэмжээнд оролцож байгаа энэ юм.
Хойд Солонгост коронавирусийн тохиолдол илрээгүй байгаа ч шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг нэг сарын турш тусгаарлаж байгаа гэнэ. Мөн тус улсын арми хилийн бүс нутаг, нисэх онгоцны буудал, далайн боомт дахь хамгаалалтыг бэхжүүлэх "өндөр" арга хэмжээ авсан гэж мэдэгдэв.
Ким сургуулилтын дараа аав болох Ким Чен Ирийн бунханд зочилсон юм. Тус цэргийн сургуулилт нь баруун болон зүүн хил дээрх "дайсны галын эсрэг давших чадварыг үнэлэх" зорилгоор зохиогдсон гэнэ. Тэрбээр "их сэтгэл ханамжтай байна" гэж хэлээд тус сургуулилтыг удирдсан хүмүүсийг сайшаажээ.
Мөн үүний зэрэгцээ Ким Жон Ун вирус тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Халдварт өвчнийг дарах" хатуу хяналтыг хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан аж. Тэрбээр эрх баригч Хөдөлмөрийн Намын дээд удирдлагуудтай уулзсан бөгөөд "Энэ халдварт өвчин манай улсад орж ирвэл ноцтой үр дагавар хүлээж байгааг сана. Манай улсад нэг ч тохиолдол илэрч болохгүй" гэж хэлсэн байна. Ким Жон Ун эцэст нь албан тушаалтнуудад "Халдварт өвчин гарч болох бүх суваг, орон зайг битүүмжилж, үзлэг, шинжилгээ, хорио цээрийг чангатгахыг" үүрэг болгожээ.