Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж бусадтай нийлж оффшор бүсээс мөнгө угаасныг нь тогтоосон
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
З.ЭНХБОЛД МЭДЭН БУДИЛЖ БАЙНА
Тэрбээр “Сонгууль дөхөж байх шиг байна. Хүмүүс мэдэн будилдаг болж байна. Мэддэг зүйлээ мэддэггүй мэтээр мушгин гуйвуулдаг болж байна. ҮАБЗ-тэй хамгийн ойрхон ажилладаг хүн бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга. Та бүхэн үүнийг бүгд сайн мэднэ. З.Энхболд үнэхээр буруу гэж бодсон юм бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд засахгүй яасан юм бэ. Зүүнбаянгийн Төмөр замд Ерөнхийлөгч улс төрийн манлайлал үзүүлж, томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа. Үүний санхүүжилттэй холбоотой асуудлууд дээр яригдсан олон арга хэмжээний нэг нь энэ. Үүнтэй холбоотой УИХ-ын тогтоолыг ЗГ хэрэгжүүлээгүй. Судалгааны түвшинд яваа асуудал.
Туйлын болгоомжтой хандах ёстой гэдэг дээр би удаа дараа байр сууриа илэрхийлсэн. АН-ын увайгүй улс төр олон давтагдаж байгаа учраас үүнд Засгийн газар болгоомжтой хандаж ирсэн.
Монголчууд Төрийн албанд ажиллаж байсан экс дарга нарынхаа учрыг олохгүй бол үнэхээр болохоо байлаа. З.Энхболд АН-д очингуутаа төрийн нууцтай холбоотой асуудлыг гаргангуутаа мэдэхгүй бол улс төр хийнэ. УИХ-ын дарга байхдаа Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг мэдэхгүй гэж байсан шүү дээ. Энэ бол худлаа. УИХ-ын дарга хүн тийм том асуудлыг мэдэхгүй байх боломжгүй. Одоо ч гэсэн мэдэхгүй, үүнийг Ч.Сайханбилэг хийсэн гээд хэвлэлд ярилцлага өгөөд яваад байгаа. Тэгэхээр төрийн албаны ажлыг ийм байдлаар хийхгүй ээ.
АН ГАДААД РУУ ЗУГТААД ЯВЧИХСАН Ц.ЭЛБЭГДОРЖ, Ч.САЙХАНБИЛЭГЭЭ ОЛЖ ИР
Коронавирусийн халдвар гэх мэт асуудал ундраад улс төр хийх цаг бидэнд алга. Үүнийг сөрөг хүчин мэдрэх хэрэгтэй. Ярьвал ярих олон зүйл байгаа. Стратегийн ордуудыг хууль бус олгох, шударга бус үйлдлүүдтэй холбоотой асуудлуудад цэг тавья гэж АН бодож байгаа бол зугтаагаад явчихсан Ц.Элбэгдоржоо олж ир. Ч.Сайханбилэгээ олж ирж.
Бид хэзээ ч Дубайн гэрээг ЗГ-ын хуралдаанаар оруулахгүйгээр ганцаараа үзэглэх эрсдэл хийхгүй. Бид хэзээ ч Таван толгойн орд газрыг хууль бусаар урд хөршид зарах нууц тохироог хийхгүй. Бид хэзээ ч “Эрдэнэт”-ийг төрийн мөнгөөр аваад, хувийн компанид өгөх ажлыг хийхгүй. АН-ын арчаагүй дөрвөн жилийн алдаа, завхралыг арилгах гэж үйлээ үзэн ажиллаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” дээр учир битүүлэг олон асуудал гарч ирсэн. Онцгой дэглэм нь дууссаны дараа үүнийг дэлгэрэнгүй танилцуулна. Зэсийн баяжмалыг 12 компани олгодог. Тэдгээрийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эрэмбэлдэг нь шалгалтын явцад тогтоогдсон. Түүгээрээ Монголын талд зардал өсгөөд, түүнийгээ оффшор дансаараа авсан. Тухайн мөнгөөрөө Монголд үл хөдлөх хөрөнгө авсан нь тогтоогдсон.
Ц.Элбэгдорж “Нэгдмэл найзууд” холбоогоор дамжуулж оффшор бүсээс мөнгө угаасныг нь нотолсон
Ц.Элбэгдоржийн ойр дотны найзууд “United friends” буюу “Нэгдмэл найзууд” холбоо гэдэг компани байгуулсан. Түүн дотор Монголын хууль хяналтын удирдлага, зарим улс төрчид холбогдож, оффшор бүсээс мөнгө угаасныг нь нотолсон. Магадгүй Ц.Элбэгдорж Монголд ирж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Гутлаа тосоод, зангиагаа зүүж очоод шалгуулна гэж бүлтрээд байсан хүн хаана байна вэ. Одоо ирээд хуулийн байгууллагад шалгуулах хэрэгтэй. Ц.Элбэгдорж таван одтой зочид буудалд амьдарч байгаа. Та бүхэн нэг өдрийн төлбөрийг нь мэднэ. Хаанаас тэр их мөнгийг олов. Гадаад руу хуралд яасан удаан явдаг юм бэ. Зургаан сар боллоо шүү дээ.
Б.ХУРЦ АН-ААС БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ НЭР ДЭВШИНЭ
Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал шүүх дээр замхарч байгаа. Мишигийн Батсуурийг өнөөдрийг хүртэл өөрчлөхгшүй байгаа. Эрүүдэн шүүх үйл ажиллагааг зохион байгуулсан Хурц Ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ. 100 сая төгрөгөө өгсөн байна лээ” гэв.