УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар ”Эрдэнэс-тавантолгойн IPO-г би хийнэ” гэж нэгэнтээ мэдэгдсэн. Тэрбээр ЭТТ-н мэдэлд байдаг 8 лицензийн нэгийг буюу Зүүн цанхийн лицензийг эзэмшдэг Эрдэнэс-тавантолгой майнинг гэж компани байгуулж, энэхүү компанийнхаа 30 хувийг ОУХБ-ээр дамжуулж худалдан, 1 тэрбумаас доошгүй ам.доллар босгохоор төлөвлөн ажиллаж буй юм.
Д.Сумьяабазар: Тавантолгойн ордоор битгий улс төр хий
У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш "Тавантолгой"-н бүлэг ордыг хэрхэх талаар сайдын хувьд судалж, санал боловсруулж, танилцуул гэсэн чиглэлийг өгсөн. "Тавантолгой" 10 жилийн хугацаанд улс төрийн зовлонг туулсан. Мега төсөл гэдэг дандаа л улс төрийн хардалт дагуулдаг зүйл. Бид судалж байгаад Олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани болъё гэж шийдсэн.
Улмаар 2018 оны зургаадугаар сард "Эрдэнэс Тавантолгой" компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй гаргахыг ҮАБЗ-өөс зөвлөмж байдлаар УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Тухайн үед З.Энхболд ЕТГ-ын дарга байсан. Хориг тавих боломж нь бүрэн байсан ч өөрөө тэр үед дэмжээд явсан. Яагаад заавал өнөөдөр ийм зүйл ярьж байгаа гэдэг нь асуултын тэмдэг болж байна. Засгийн газар хууль, журмаа гаргаж, УИХ, намын бүлгүүдээр ч хэлэлцүүлсэн. Нууж хаасан юм огт байхгүй.
Үүнээс хойш 10 гаруй тогтоол Засгийн газар гаргасан. Ямар нэг асуудал, гүтгэлэг гарах вий гэж болгоомжилсон. Гэтэл харамсалтай нь 2020 оны улс төр эхэлж байх шиг байна. Тавантолгойн ордоор битгий улс төр хийгээч ээ. Улсын эрх ашиг намын эрх ашгаас илүү шүү. Олон улсын Хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгоно гэдэг бол өндөр хяналттай байна. Цаашид эдийн засгийн эргэлтэд ороод, хөгжих боломжтой. Тэгж чадвал өнөөдрийн өгч байгаа 97 мянган төгрөгийн ногдол ашиг 10 дахин нэмэгдэх боломж бий.
Нийт Тавантолгойн зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байдаг. Өөрсдийн нь яриад байгаа таван тэрбум ам.долларын хэмжээ бол бүхэл ордоороо. Бүх ордын 30 хувийг тавиад тууна гэдэг асар том эрсдэл хүлээх учраас энэ удаад ганцхан лицензийнх нь 30 хувь дээр хөрөнгө босгох асуудал яригдаж байна.
З.Энхболд: “Эрдэнэс Тавантолгой”-гоо ганцхан тэрбум ам. доллараар өгчихөж болохгүй
2018 онд УИХ-аас Эрдэнэс-Тавантолгойн 30 хувийг хувьчлах шийдвэр гаргаад явсан юм. Тухайн үед би “Наадах чинь болохгүй ээ” гээд эсэргүүцэж байсан. Анх УИХ-ын тогтоол гаргаж байхад Д.Сумъяабазар УИХ-д ямар тайлбар хийж байсан гэхээр 30 хувиа таван тэрбум ам.доллараар зарна гэж байсан. Харин хамгийн сүүлд буюу сая авсан мэдээллээр нөгөөдөх нь нэг тэрбум болчихсон байна л даа. Нэг тэрбум ам.доллар гэдэг бол “Эрдэнэс Тавантолгой”-н нэг жилийн экспортын орлого. Дэндүү жижигхэн мөнгө л дөө. УИХ-д болохоор таван тэрбум ам.доллараар зарна гэчихээд яг зарах дээрээ нэг тэрбумаар зардаг нь хаанахын ёс вэ. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг зарах гэж байгаа юм бол 2,5 сая хувьцаа эзэмшигчдээсээ асуух ёстой.
Та нарын хувьцаа эзэмшиж байгаа компанийн 30 хувь буюу хэдэн зуун сая хувьцааг чинь би зарах гэж байна аа гэж. Сонгууль, корона гээд олны анхаарал өөр тийшээ хандчихсан байхад зуун жил ашиглах “Эрдэнэс Тавантолгой”-гоо ганцхан тэрбум ам. доллараар өгчихөж болохгүй. Энэ жил анх удаа хувьцаа эзэмшигчид 100 орчим мянган төгрөгийн хувьцаа авна. Хэрэв энэ Д.Сумъяабазарын төлөвлөсөн хувьчлал нь явагдах юм бол ахиж ногдол ашиг гэж байхгүй болно.
Эх сурвалж: tovch.mn