НҮБ Сири дэх Оросын цэргүүдийг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгажээ
Сирийн нутагт болсон байх магадлалтай цэргийн гэмт хэргийн тухай мэдээллийг шалгах НҮБ-ын комисс нь цөөнгүй тооны хүний аминд хүрсэн агаарын цохилтыг Оросын нисэх хүчинтэй холбоотой байж болох тухай мэдээлэл олжээ. Энэ тухай The Guardian сонинд мэдээлснээр бол НҮБ-ын экспертүүд анх удаа Оросын цэргийнхнийг цэрэг дайны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт шууд буруутгасан байна.
2019 оны сүүлийн хагаст болсон үйл явдлуудын тухай илтгэлд 6-р сарын 22-нд Мааррат-эн-Нууман хотын худалдааны захыг бөмбөгдсөн тухай, 8-р сарын 16-нд Хас суурингийн дүрвэгсэд амьдарч байсан орон сууцыг бөмбөгдсөн тухай тус тус дурджээ. Худалдааны захыг хоёр удаа дайрсан бөгөөд эхний бөмбөгдөлтөөр гэмтэж шархадсан хүмүүст тусалж байсан аврагчдад хоёр дахь дайралтаараа цохилт өгч 43 хүний аминд хүрсэн бөгөөд тэдгээрийн дотор 4 хүүхэд байжээ. Харин Хас хотыг дайрах үед 20 гаран хүн амь үрэгдсэний дотор 8 эмэгтэй, 4 хүүхэд байсан гэсэн мэдээ бий.
“Үйл явдлын гэрч, видео бичлэг, нислэгийн ажиглагчдын мэдээлэл, радио холбоог дундаас нь барьсан мэдээлэл, урьдчилан сэргийлэх албаны өгч байсан дохио зэрэг тухайн явдлын тухай гэрчлэх олон баримт нь Оросын цэргийн онгоц энэ хоёр үйл явдалтай холбоотой гэдгийг баталж байгаа юм. Оросын нисэх хүчин ямар нэг цэрэг дайны ач холбогдолтой тодорхой байрлалыг биш энгийн ард иргэдийн оршин байгаа газрыг дайрсан нь цэргийн гэмт хэрэг юм” хэмээн уг илтгэлд дурдсан байна.
Москва нь Сирийн нутагт байгаа нисэх хүчин нь гэмгүй оршин суугчдыг бөмбөгдсөн байж болох тухай мэдээллийг байнга няцааж ирсэн бөгөөд 6-р сард болсон Маарет-эн-Нууман хотын захыг бөмбөгдсөн явдлын дараа уг бүсэд тэдний онгоц байгаагүй гэж мэдэгдэж байсан юм.
НҮБ-аас гаргасан энэ илтгэлийн тухай Кремль мэдэгдэхдээ "Энэ илтгэл нь Идлибийн орчинд террорист бүлэглэлүүд давшилтаа эхэлсэн тухай огт дурдаагүй нь тухайн илтгэл нь зөөлөн хэлэхэд нэг талыг барьсан гэдгийг харуулж байна" хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.
"The Guardian" сонины эксперт, Вашингтоны их сургуулийн Ойрх дорнодын мэргэжилтэн Чарльз Листер нь НҮБ-ийн энэ илтгэлийг маш чухал үйл явдал гэж нэрлэсэн ба учир нь НҮБ иймэрхүү дайралт хийсэн эздийг нэр цохон зарлах нь маш цөөхөн тохиолддог зүйл гэжээ.