Ц.Өнөрзаяа: БНСУ-д коронавирусийн хүчийг сулруулдаг “эсрэг биет”-ийг гаргаж авсан байна
БНСУ-ын Күүкминийн Их Сургуульд багш Ц.Өнөрзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Цогтоогийн Өнөрзаяа гэдэг. БНСУ-ын Хандонгийн Их Сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр бакалавр, Сөүлийн Үндэсний Их Сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгсөж, Күүкминий Их Сургуульд эрх зүйч мэргэжлээр докторт суралцсан. Одоогоор БНСУ-ын Күүкминийн Их Сургуульд багшилж, мөн тус улсын нэгэн хууль зүйн фермд зөвлөгөө өгөн ажиллаж байна. 2006-2016 оны хооронд БНСУ дахь Монгол улсын гэрээт ажилчдын асуудал хариуцсан ажлыг хувийн байгууллага байхаас нь эхлэн төрийн байгууллага болох хүртэлх бүхий л хугацаанд хийж байсан.
-Сүүлийн өдрүүдэд БНСУ эрчимтэй тархаж буй коронавирусийн талаарх мэдээллийг таны фэйсбүүк хуудаснаас авч байна. Тус улсад нөхцөл байдал ямар байна. Хэрхэн арга хэмжээ авч байна вэ?
-Баярлалаа. Би ч гэсэн аль болох олон хүнд хүргэх гэж гол чухал гэж бодсон мэдээллүүдийг олж орчуулан фейсбүүк хуудсаараа тарааж байгаа юм.
БНСУ-ын Үндэсний Ассемблэй үүсээд байгаа коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор гурван ч хуулиндаа нэмэлт өөрчлөлт орууллаа. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай, Хорио цээрийн тухай, Эрүүл мэндийн тухай гэсэн гурван хууль байгаа юм. Ерөнхийдөө халдварт өвчний үед чухал шаардлагатай амны хаалт болон гар ариутгалын бодисын экспортод хязгаарлалт хийх, дотоодын хэрэгцээгээ эхэлж хангах, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн тоог ихэсгэх, халдварт өвчин гарсан улсаас ирэх гадаад иргэдийн нэвтрэхийг хориглох шийдвэрийг Эрүүл мэндийн сайд болон Хууль зүйн сайд нар хамтарч бие даан гаргах эрх олгох, хилийн хянан шалгах мэдээллийн системээ эрүүл мэндийн мэдээллийн системтэйгээ холбох зэрэг олон чухал өөрчлөлтүүд орсон. Манай улс ч гэсэн цаашид үүнээс санаа авч өөр дээрээ хэрэгжүүлэх боломжтой асуудлууд гэж харж болно.
Мөн Засгийн газраас нь коронавирусийн өвчлөлийг хурдан хугацаанд дарах, ард иргэддээ ховордоод байгаа амны хаалтыг аль болох хүртээмжтэй хүргэх, энэ үеэр хямралд өртөж байгаа аялал жуулчлалын салбар мөн жижиг бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч нарыг дэмжиж, тэдгээрийн үйл ажиллагаа явуулдаг байрных нь түрээсийн төлбөрийг 50 хувь бууруулсан түрээслэгч нарыг татвараас чөлөөлөх, хувь хүний автомашины татварыг 70 хувь хөнгөлөх, аялал жуулчлалын байгууламжуудын нэвтрэх тасалбарыг 50 хувь бууруулах зэргээр эдийн засгийн хүндрэлийг давж гарахад ард иргэдээ дэмжих хэд хэдэн бодлогыг боловсруулан ажиллаж байна. Мөн үүсээд байгаа нөхцөл байдлыг хурдан хугацаанд дарахын тулд эрүүл мэндийн салбар нь маш идэвхтэй ажиллаж байгааг харж байна. Халдварын голомт болсон Тэгү хот, Гёнгбук мужид эмч, эмнэлгийн ажилтнууд хүрэлцэхгүй байгаа учир улс орны өнцөг булан бүрээс сайн дурын эмч, мэргэжилтнүүдийг цуглуулан ажиллуулж байна. Халдвартай хүн явсан газар болгонд ариутгал хийж, энэ тухай тухайн газрын хүн ам, байгууллагуудад мессэж илгээх, утсаар ярих, телевиз, радио зэрэг мэдээллийн бүхий л хэрэгслээр мэдэгдэж, арга хэмжээ авч болгоомжлуулж байна. Хэрэв халдвартай хүнтэй ямар нэг байдлаар харилцсан бол шууд шинжилгээнд оруулах, явсан газруудад ариутгал хийх ажлыг маш шуурхай хийж байна. Дашрамд дурдахад шинжилгээнд зүгээр нэг хүссэн хүн орох боломжгүй. Халдварын ямар нэг сэжигтэй, тухайлбал, халуурсан, ханиаж хоолой нь хөндүүрлэсэн болон гадаад улс руу сүүлийн 14 хоногт зорчсон хүн, эсвэл эдгээр хүмүүстэй харилцсан хүмүүсийг оруулах журамтай. Байгууллага болгон үүдэндээ нэг хүн зогсоож, ирсэн хүн болгоны халууныг үзэж, овог нэр, утас, гэрийн хаяг, тухайн байгууллагад ирсэн шалтгаан уулзсан хүн бүрийн мэдээлэл зэргийг авч байна. Энэ нь цаашлаад хэрэв тухайн байгууллагад халдвартай хүн зорчсон нь мэдэгдвэл тэнд ирсэн бүртгэлтэй бүх хүнийг шинжилгээнд оруулж тусгаарлах зорилготой юм.
Ард иргэдийн хувьд гадуур зорчих байдал эрс багассан боловч огт байхгүй болсон гэж болохгүй. Олон сая хүн амтай учир энэ нь боломжгүй байдаг юм шиг байна. Мэдээллийн байгууллагаар байнга анхааруулж байгаа учир тодорхой хэмжээнд айдастай, гэхдээ Засгийн газрынхаа хийж байгаа ажилд бүрэн итгэлтэй учраас энэ бүх асуудал алга болж шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй харагдаж байна. Энэ нь өнөөдрийн гаргасан Засгийн газрын коронавирусын эсрэг явуулж байгаа арга хэмжээг ард иргэдийн 57хувь нь сайн байна гэж дүгнэсэн судалгаагаар харагдана.
-Таны бэлтгэн хүргэж байгаа мэдээллүүд доорх автор их анхаарал татсан. Күүкмин сургуулийн багш гэсэн байна. Хэзээнээс энэ сургуульд багшилж эхлэв?
-Би 2017 оноос эхэлж багшилж байна. Мэргэжлийнхээ дагуу Олон улсын байгууллага, Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн онол ба практик зэрэг хичээлүүдийг Күүкминийн Их Сургуулийн Улс төр, удирдлагын сургуульд заадаг. 2016 онд төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа тус сургуулиас багшлах хүсэлт ирсэн юм.
-Таны хувьд БНСУ-д ажиллаж амьдардаг Монгол иргэдтэйгээ ойр байдаг хүний нэг юм билээ. Тэдний хувьд тулгамдсан асуудлууд юу байна?
-Манай улсын 48,000 гаруй иргэн БНСУ-д оршин сууж байна. Энэ бол манай нийт хүн амын 1,5 хувь нь гэсэн үг юм. Маш их тоо. Бараг айл, өрх болгоны ямар нэг төлөөлөл энэ улсад байна гэсэн үг. Тулгамдсан асуудал гэвэл маш олон. Визний асуудал, гэмт хэрэгт холбогдох, өвдөх зовох, цалин хөлсний гээд тоочвол их. Гэтэл оршин суугаа энэ улс орон даяар яг ийм өвчин зовлон, гэнэтийн бэрхшээл тохиолдсон үед энэ тухай яривал арай л зохисгүй. Хамгийн чухал зүйл бол мэдээлэлтэй байж өөрөө өөрийгөө, гэр бүлийнхнийгээ урьдчилан сэргийлж, аюулаас зугтааж чаддаг байх асуудал гэж харж байна. “Ажил хийхгүй байж болохгүй, гэтэл ажил хийвэл байнга айдастай, амны хаалт өдөржин зүүгээд амьсгал давхцаад толгой эргээд хэцүү байна” гэсэн олон залуус байна. Хэдийгээр хэцүү ч гэсэн гэр бүлийнхнийхээ төлөө өөрийгөө хамгаалах, эрсдэлд орсон бүсээс хол явах, аль болох олон хүн цугларсан газраар явахгүй байх зэрэг нь яг одоогийн тулгамдсан асуудал гэж бодож байна.
Эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд манай улсын эдийн засаг болон иргэдийн асуудлын хувьд Хятад улсаас ч илүүтэйгээр хүндээр нөлөөлж болох улс орон бол БНСУ юм. Тиймээс ч би ийм эрсдэлтэй үед аль болох чухал мэдээллүүдийг цаг алдалгүй орчуулж өөрийн хуудсандаа оруулж, иргэддээ тарааж байна. БНСУ-ын ард түмэн бол түүхийн хэцүү цаг үеийг эх оронч үзэл, даван туулах чадварынхаа хүчээр амжилттай давж чадсан хүмүүс юм. Тиймээс дэлхийг айлгаж буй коронавирусийн асуудлыг ч гэсэн давж гарч бусад улс орнуудад үлгэр жишээ болж чадна гэдэгт би бүрэн итгэж байна. Коронавирусийн хүчийг сулруулдаг “эсрэг биет”-ийг гаргаж авсан тухай өнөөдрийн сайхан мэдээ ч үүнийг илтгэнэ.
-Андуураагүй бол таны нэр БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн байсан билүү?
-Тийм ээ. Гадаад хэргийн сайд БНСУ дахь Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар миний нэрийг дэвшүүлж, Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын Засгийн газар дэмжсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг дэмжээгүй. Мэргэжлийн бус гэж үзсэн гэсэн. Миний намтар, мэргэжлийг гүйцэд сайн хараагүй юм шиг байна лээ. БНСУ-д Монгол улсыг төлөөлсөн Элчин сайд томилогдоогүй 2 жил болж байна. Манай улс гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газартаа тухайн улсдаа суралцсан, мэргэшсэн боловсон хүчнүүдээ ажиллуулж, улс орныхоо хөгжилд хэрэгтэй зүйлийг тэднээр олуулж, дэмжлэгийг авахуулж, маш сайн ашиглаж ажиллах ёстой гэж бодож байна. Ингэж чадахгүй, боломжийг олгохгүй байгаагийн жишээ нь олон сайхан мэргэжилтэй, боловсролтой залуучууд маань эх орныхоо төлөө ажиллах биш бусад улс орны хөгжилд хувь нэмэр оруулж, гадаад улсад ажиллацгааж байна. Бид өөрчлөгдөж, эх орноо бодох ёстой.
Эх сурвалж: Olloo.mn