БНСУ-д хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэн эмнэлэгт хандахад цагдаад мэдээлэхгүй
БНСУ-ын Гадаад иргэн, харьяатын газар, ГХЯ-наас тус улсад СOVID-19 халдварт өвчний нөхцөл байдал улам хүндэрч байгаатай холбогдуулан гадаадын иргэдэд чиглэсэн зохицуулалт бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ Сөүл дэх ДТГ-уудад мэдэгджээ. БНСУ-д манай 48 мянга гаруй иргэн оршин сууж байгаа юм.
Үүнд:
- Хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд сайн дураар нутаг буцах өршөөлийн хугацаа болох 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш эрүүл мэндийн байгууллагын хөл хорионд хамрагдаж нутаг буцаж чадаагүй бол тэдгээр иргэдийг эмнэлгийн нотлох бичгийн дагуу өршөөлд хамруулна.
- БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэд хуулийн байгууллагад саатуулагдахаас болгоомжилж байгаатай холбоотой халдварт өвчний тархалт нэмэгдэх эрсдэл өндөр байна. БНСУ-ын “Гадаадын иргэн, харьяатын тухай хууль”-ийн дагуу БНСУ-д хууль бусаар оршин сууж буй визийн зөрчилтэй гадаадын иргэд эрүүл мэндийн төв, эмнэлэгт хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа статусын талаар цагдаагийн байгууллагад мэдээлэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй болно.
- Халдвар авсан гадаадын иргэнтэй холбоотой мэдээллийг холбогдох ЭСЯ-нд шуурхай мэдээлнэ.
- Эрүүл мэндийн олон улсын дүрмийн 40-р заалт болон дотоодын холбогдох хуулийн дагуу коронавирусын халдвар авсан гадаадын иргэдийн эмчилгээний зардлыг солонгосын тал хариуцна гэсэн байна.
Түүнчлэн БНСУ-ын ГХЯ ДТГ-уудтай харилцах шуурхай ажлын баг байгуулсан. Ажлын багийг Зүүн хойд Азийн газрын дэд захирал Чой Хи Дөг ахалж байгааг манай Сөүл дэх ЭСЯ-наас мэдээллээ.