Коронавирус дэлхийн хүн амын 70 хувьд халдах магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна
Коронавирусын улмаас нас барсан хүний тоо одоо дэлхий даяар 3000-д хүрч бараг 90,000 халдвар аваад байна. Гэхдээ эдгээр тоонууд нь ирэх саруудад тохиолдож болох зүйлүүдтэй харьцуулахад юу ч биш гэнэ.
"CBS News" вирусийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг, Харвардын их сургуулийн багш Марк Липситчтэй ярилцсан бөгөөд тэрбээр дэлхийн хүн амын 40-70 хувь нь халдвар авах боломжтой болохыг онцолсон байна. Мөн "COVID-19" хэмээн нэрлэгдээд байгаа энэхүү өвчний халдвар авсан хүмүүсийн 1 хувь нь амиа алдах аж.
Ингээд та бүхэнд Липситчийн ярилцлагыг орчуулан хүргэе.
Сэтгүүлч: Таны тооцоогоор дэлхийн насанд хүрсэн хүн амын 40-70 хувь нь халдвар авах боломжтой юм байна тийм үү?
Марк Липситч: Тийм ээ.
Сэтгүүлч: Энэ тоо үнэхээр үнэнд ойр гэж үү?
Липситч: Энэ бол ердөө тооцоолол бөгөөд бид удахгүй хэр бодитой вэ гэдгийг олж мэдэж болно. Би халдварт өвчний тархалтыг хянах, урьдчилан таамаглахад ашигладаг математик загваруудын хослол дээр үндэслэн ийм үр дүнд хүрсэн.
Сэтгүүлч: Хүмүүс энэ тоонд итгэх ёстой гэж хэлэх гээд байна уу?
Липситч: За, дахиад хэлэхэд "40-70 хувь" гэдэг нь ердөө халдвар авах боломжтой гэсэн хүмүүсийн тоо юм. Зарим халдвар авсан зарим хүмүүсээс ямар ч шинж тэмдэг илэрдэггүй болохыг бид мэднэ. Ийм хүмүүс хэд байгааг бид мэдэхгүй. Тэгэхээр нийт хүн амын тал хувь нь тийм байх боломжтой гэж тооцоолоход гэмгүй. Дараа нь судалгаанаас харахад нийт халдвар авсан хүмүүсийн 0.5-1 хувь нь амиа алдах эрсдэлтэй гэдэг нь илэрхий байна. Тиймээс хамгийн муугаар бодоход олон арван сая хүн амиа алдах аюулд бүрэн ороод байгаа гэсэн үг.
Сэтгүүлч: Нэг зүйл тодруулахад халдвар авсан хүмүүсийн 1 хувь нь амиа алдана гэсэн тооцоо үнэнд нийцэхгүй байх. 65-аас дээш болон 30-аас доош насны хүмүүс энэхүү вируст илүү өртөмтгий байгаа нь энэ тоог нэмэгдэхэд нөлөөлөх болов уу?
Липситч: Мэдээж хэрэг насны ангиллаар нь халдвар авах болон амиа алдах магадлалыг тооцоондоо оруулсан. Тухайн хүн хэр өндөр настай байна, төдий чинээ халдвар авч нас барах магадлал нь нэмэгдэнэ.
Сэтгүүлч: Та "хэрвээ", "би найдаж байна" гэх мэт үгсийг тайландаа олон ашигласан байна лээ. Та тэгэхээр яг юу болох талаар мэдэхгүй гэсэн үг үү?
Липситч: Хүн бүр ирээдүйд юу болох тухай тодорхой хэмжээний төсөөлөлтэй болсон байгаа. Гэхдээ одоогийн байдлаар яг хаана, хэдэн хүн халдвар авсан болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм учраас яг таг хариулт өгөх хүн бас байхгүй л байх.
Сэтгүүлч: Хүмүүс ирээдүйд болох зүйлд бэлдэхийн тулд хүнс, эмээс гадна базаахаас өөр тулд юу хийх хэрэгтэй вэ? Ялангуяа сэтгэл зүйн хувьд?
Липситч: Юун түрүүнд эхлээд олон нийтийн цугларалтыг хууль ёсны эрх мэдэлтэй хүмүүс хориглох ёстой. Үүнд сүмийн цугларалт, тоглолт, үдэшлэг гэх мэт зүйлс багтана. Гэхдээ засгийн газраас нь ингээгүй тохиолдолд хүмүүс өөрсдийн ухамсраар ийм арга хэмжээ авах учиртай. Мөн хувийн бизнес эрхлэгчид хүмүүст гэрээсээ гаралгүй үйлчилгээ авах үйлчилгээ авах боломжийг нээх нь чухал. Хувь хүмүүс халдвар авсан тохиолдолд бусдад өвчин тараахгүйн үүднээс өөрсдийгөө гэртээ тусгаарлахад бэлдэх хэрэгтэй.
Сэтгүүлч: Хүмүүс цахим ертөнцөд "SARS, Гахайн томуу гээд л энэ мэтийн халдварт өвчин дандаа л гарч байдаг биз дээ. Одоо ч гэсэн ялгаагүй дарагдаад л өнгөрөх биз" гэсэн утгатай сэтгэгдлүүд үлдээж байна. Коронавирус тэдгээр халдарт өвчнөөс илүү аюултай гэдгийг та баталж чадах уу?
Липситч: Энэ өвчин SARS-аас 10, Гахайн томуунаас 5 дахин илүү цар хүрээг хамраад байна. Цаашид ч халдвар авсан хүмүүсийн тоо буурах янз алга. Мөн барууны эрх баригчид халдварын тархалтыг зогсоох тал дээр хойрго хандаж байгааг сануулах нь зүйтэй болов уу.
Сэтгүүлч: Эцэст нь танаас асуухад коронавирус үнэхээр хүн төрөлхтнийг мөхөөж чадах уу?
Липситч: Тэгж чадахгүй. 20-р зуунд бид хоёр, гурван ч удаа үүнээс том халдварт өвчнийг даван туулсан. Энэ удаад бид зүгээр л нас барах хүмүүсийн тоог бууруулахын тулд дор бүрнээ хичээх ёстой юм. Хамгийн гол нь ямар ч халдварт өвчин хүн төрөлхтнийг мөхөөх хэмжээнд хүрээгүйг санах хэрэгтэй.