Европыг зорьсон 10 мянга гаруй цагаачид Грекийн хил дээр эмх замбараагүй байдал үүсгэж байна
Турк улсаар дамжин ирж байгаа цагаачдын урсгалыг зогсоохын тулд Грекийн цагдаа ус цацаж нулимс асгаруулагч хий хэрэглэлээ. Үүний хариуд цагаачид хууль сахиулагчид руу мод чулуу зэрэг зүйл шидэн эсэргүүцсэн байна.
Турк улсаас ирж байгаа цагаачдыг хил нэвтрүүлэхгүйн тулд Грекийн цагдаа нар ус шүршиж, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа бөгөөд энэ явдал 3-р сарын 1нд болжээ. Цагаачид цагдаагийн эсрэг мод чулуу шидэх зэргээр хариу барьсан байна.
Грекийн радиогийн мэдээлснээр бол Эврос голын орчимд болсон энэ мөргөлдөөний үеэр нэг цагдаа шархадсан ба тухайн бүсийг 2-р сарын 28 нд хаасан байсан юм байна. Афины цагаачдын асуудал хариуцсан яамны мэдээлснээр зөвхөн энэ бүс нутгаар хил нэвтрэх гэж 10 000 гаруй цагаачид оролджээ.
Тэр өдөр Туркийн дотоод хэргийн яамны сайд Сулейман Сойлу нь Грек Болгартай хиллэх нутаг, Эдирне мужийн хэсгээр 76 358 цагаач Туркийн хилийг нэвтэрсэн гэж мэдээлсэн ба Грекийн Гадаад явдлын яам үүнийг нь зохион байгуулалттай тарааж буй хуурамч мэдээлэл хэмээн мэдэгдсэн юм .
Болгарын засаг захиргаа нь Турктэй хиллэх нутгаар байдал тайван байгаа ба одоогоор ганц ч цагаач хүн хил нэвтрээгүй гэж мэдээлжээ.
Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээллээр Гректэй хиллэх Туркийн 212 км урт хилийн бүсүүдэд 29-ний өдрийн байдлаар 13 000 цагаач байсан бөгөөд Европын холбооны улсуудын хил нэвтрэх хүсэлтэй эдгээр хүмүүсийн их урсгалыг Турк улс тогтоон хорих барих ажиллагаагаа зогсоосон байна.
Цагаачдын урсгал нэмэгдэж байгаа энэ үед Европын хил хамгаалах агентлаг болох Frontex нь Европын холбооны улсын Турктэй хиллэх бүх л хэсгүүдэд байлдааны бэлэн байдлын зэргийг өндөрсгөсөн бөгөөд Афины хил хамгаалах болон үүнд шаардлагатай хүн хүч, материал техникийн тусламж хүссэний дараа ийм шийдвэр гаргасан юм.
Грекийн хил нутгаар 400 гаруй Frontex–ийн ажилтан ирсэн бол Болгарын хил дээр 60 гаруй хүн очоод байгаа гэнэ.
Анкара болон Брюсселийн хооронд цагаачдын асуудлыг шийдэх зорилготой хэлэлцээг 2016 онд хийж Европын холбооны улс руу дүрвэх Сирийн цагаачдыг Туркын хилээр нэвтрүүлэхгүй байхаар тохирсон билээ. Үүнийхээ төлөө ЕХ нь Туркд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр амласан юм.
НҮБ-ээс гаргасан мэдээллээр бол Турк нь Сири улсаас 3.6 сая цагаач, дүрвэгчдийг хүлээн авсан ба сүүлийн үед энэ тоо нь ОХУ-ын дэмжлэгтэйгээр Сирийн армийн Идлиб рүү хийж буй давшилтаас болж огцом нэмэгдсэн байна. Сирийн дүрвэгчдээс гадна Афганистан, Иракийн бас олон цагаачид Туркийн нутагт бас цуглаад байгаа билээ.