Улаанбаатар руу орох, гарах хөдөлгөөнийг 3-р сарын 3-нд нээх шийдвэрийг хэвээр үлдээлээ
Баярын амралтын өдрүүдээр коронавирусын халдвар дэгдэх, тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл зогсоох шийдвэрийг УОК гаргаад байсан билээ.
Тэгвэл Улсын Онцгой Комиссын яг одоо болж буй хурлаар хот хоорондын хөдөлгөөнийг нээх өдрийг хэвээр үлдээж, харин эхлэх цагийг нь 06:00 цагаас болгох шийдвэр гаргалаа.
Мөн Засгийн газрын ХМОНХ-ийн дарга Ц.Ганзориг “Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-нийг дуустал хязгаарлалаа” гэв.
УОК-ын хурлаар мөн тусгаарлах байрны нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, гадаад улс орнуудад амьдарч буй монголчуудын нөхцөл байдал, экспорт гэх мэт асуудлаар хэлэлцэж шийдвэр гаргах юм.