Тэрбумтан Майкл Блүүмберг сонгогч олны дунд нэр хүндтэй болж байгаа нь Ардчилсан намын бусад нэр дэвшигчдийг ихээхэн түгшүүлж байгаа бололтой. Нью-Иорк хотын дарга байсан энэ хүн нь урьдчилсан санал асуулгад тэргүүлж яваа Берни Сандерстай ойролцоо рейтингтэй яваа ба сонирхолтой нь энэ хүн урьдчилсан санал асуулгад огт оролцоогүй явдал юм. Ийм учраас тэрбумтанг сонгуулийн дүн худалдаж авч байгаа тухай яриа гарч, Дональд Трамптай харьцуулах нь улам бүр их болсоор байна.
Ардчилсан намаас нэр дэвшигчдийн мэтгэлцээнд Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг анх удаа оролцсон юм.
Уг мэтгэлцээнд орохын тулд дөрвөн янзын санал асуулгад оролцож 10%-иас багагүй санал авах ёстой бол Блумберг нь үүнийг амжилттай давсан төдийгүй зарим судалгаанд бүр 2 –р байранд бичигдэж байжээ.
2-р сарын 17 нд явуулсан NBC/WSJ-ийн судалгаагаар Вермонт мужаас сонгогдсон сенатч Берни Сандерс 27%-ийн саналаар тэргүүлж байгаа бол араас нь дэд ерөнхийлөгч асан Жо Байден - 15%, гуравдугаар байранд Блүүмберг болон Массачусетсээс сонгогдсон сенатч Элизабет Уоррен нар адилхан 14%, дөрөвдүгээр байранд Саут-Бендийн захирагч асан Пит Буттижиж (13%) нар жагсжээ.
Харин мөн өдөр явуулсан Ipsos/Reuters-ийн судалгаагаар Сандерс 25 %-ийн саналаар тэргүүлж, хоёрдугаарт Блүүмберг-17%, гуравдугаарт Байден-13%, дөрөвдүгээрт Буттижиж -11% ийн санал авсан бол Уоррен 9%-ийн саналаар тавд бичигдсэн байна.
Холбоотнуудын үл итгэлцэл
Ардчилсан намаас сонгуулийн сунгаанд өрсөлдөгсөд
Ардчилсан намаас ерөнхийлөгчийн суудлын төлөө нэр дэвшигчдийн дунд болж байгаа ширүүн өрсөлдөөнд Блүүмберг орж ирснээр угаасаа замбараа муутай гэмээр байсан энэ өрсөлдөөн бүр ч үйл ойлгогдох шинж чанартай болж эхэллээ. Тоймчид Нью-Йоркын хуучин даргыг “цахиур хагалж мэдэх битүү морь” хэмээн нэрлэж байгаа бөгөөд түүний 62 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө нь ингэж нэрлэх нэг шалтгаан болсон болов уу.
Тэрээр өөрийн сонгуулийн сурталчилгаанд зориулж одоогоор 400 саяыг гаргаад байгаа бөгөөд цаашдаа энэ тоо 1 тэрбум хүрэх магадлалтай юм. Энэ мөнгөний ихэнхийг янз бүрийн реклам сурталчилгаанд зарцуулснаар түүний рейтинг нь богино хугацаанд огцом дээшилжээ. Блүүмберг өнгөрсөн оны 12-р сард явуулсан Ipsos/Reuters болон NBC/WSJ-ийн судалгаагаар 4-5% санал авч байсан юм.
Блүүмбергийн энэ амжилттай эхлэл нь түүний өрсөлдөгч нарыг ихээхэн сандрааж байгаа бололтой. Уоррен болон Сандерс нар хуучин хотын даргыг өөрийнхөө хөрөнгө мөнгөөр олны санал авах гэж байна хэмээн буруутгаж байгаа ба Вермонтын сенатор нь “Америкийн ард түмэн сонгуулийг мөнгөөр худалдан авдаг тэрбумтнуудаас уйдаж залхсан” хэмээн хэлж байгаа нь давхар одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг бас хамаатуулж байгаа юм.
Америкийн ерөнхийлөгч ч гэсэн бас Блүүмбергийг ийм утгаар шүүмжлээд авсан ба Блүүмберг нь хууль бус аргаар их хэмжээний хандивыг өөрөө өөртөө өгөх замаар нэр дэвшигчийн эрх худалдаж авч байна гэж хэлсэн байна.
Айова болон Нью-Гэмширт бүтэлгүйтэн, намын доторх хамгийн гол хүч байхаа больсон Жо Байден нь үүнд хамгийн ихээр түгшиж байгаа хүний нэг бололтой.
Байден Блүүмбергийн хотын дарга байх үетэй холбоотой олон чухал асуулт бэлдсэн гэж ярьж байгаа ба хотын цагдаа нар гудамжинд нэгжлэг хийх эрхтэй болсон тухайд Блүүмбергийн үүрэг нөлөө хэр их байсан тал дээр онцгой анхаарах юм байна. Хотын цагдаа нар ихэнхдээ афро америкчууд болон латин америкчуудыг их шалгаж, үзлэг хийж байсан ба хотын дарга асан үүнийхээ төлөө уучлал гуйж байсан тохиолдол бий.
Трампын ихэр
Ингэж нэг нэгнийхээ “улыг шагайх” нь сонгуулийн өрсөлдөөний нэг үндсэн ажиллагаа гэдгийг Блүүмберг сайн мэднэ. Нам доторх түүний өрсөлдөгч нар нь ч Блүүмбергийг Трамптай адилтган харьцуулах, харлуулах боломжийг алдахгүй биз ээ.
Энэ хүний хувьд банкан дахь хадгаламжаас бусдаар Трамптай адил зүйл гэж бараг үгүй. Трамп 2016 оны сонгуулиар 420 сая доллар зарж байсан ба чухам энэ их мөнгө нь түүнийг ялалтад хүргэсэн гэх нь бас учир дутагдалтай.
Трамп нь 2016 оны сонгуулиас өмнө АНУ-д багагүй нэр хүндтэй байсан бөгөөд телешоу хөтөлдөг, “Дэлхийн мисс” тэмцээний эрхийг эзэмшдэг, цөөнгүй кинонд дүрээ гаргаад авсан хүн байв. Энэ хүнийг дэмжин бахархдаг тодорхой хүрээ ард түмний дунд байсан бол харин Блүүмбергт энэ талаар гайхуулах зүйл үгүй.
Мэдээж Блүүмберг нь Нью-Йорк хотын даргаар 11 жил ажилласны хувьд хотын иргэд болон бизнесийн хүрээнд ихээхэн алдартай байж болох ч өөрийн гэсэн “фан-клуб” гэх юм үгүй. Харин ч үндэсний цөөнхүүдийг нэгжин шалгаж байсан явдал нь түүнийг ардчилсан намын сонгогч олны гол ноён нуруу болох жирийн хүмүүсээс ихээхэн холдуулсан байх магадлалтай юм.
Бас Ардчилсан намын сонгуулийн компанит ажил нь тэр чигээрээ тэрбумтан Трампын эсрэг байх гэсэн үндсэн зарчим дээр тулгуурлаж байгаа бөгөөд түүнтэй адилхан “баячууд” өөрсдийн намын нэр дэвшигч дотор байх нь нэг талаар их сонирхолтой хэрэг юм. Харин Блүүмберг нь өөрөө Трампаас “180 хэм” өөр байх болно гэдгээ амласаар байгаа билээ.
Тэрээр сонгуульд ялбал өөрийн Bloomberg LP-ээ зарна гэж мэдэгдсэн ба түүний багийнхны үзэж байгаагаар Трамп нь мөн адил зүйл хийх ёстой байсан, Трампын нэр хүндэд хамгийн их муу нөлөө үзүүлсэн зүйл бол санхүүгийн ашиг сонирхол нь байсан хэмээн ярьж байна.