Люксембург нийтийн тээврээ үнэгүй болгосон дэлхийн анхны орон боллоо
Люксембург улс авто замын ачаалалтай байдлыг бууруулах үүднээс нийтийн тээврээ бүрэн үнэгүй болгосныг "The Guardian" мэдээллээ. Ингэснээр газар нутгийн хэмжээгээр Европтоо хамгийн жижиг орнуудын нэгт тооцогдох Люксембург энэ төрлийн арга хэмжээг авсан дэлхийн анхны орон болж байна.
Дэлхийн зарим хотууд өмнө нь ийм арга хэмжээг авч байсан ч бүхэл бүтэн улсын хэмжээнд хэрэгжиж байсан удаа байхгүй аж. Өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн энэхүү ажлын үр дүнд тус улсын иргэдийн 40 хувь нь жилд 100 гаруй евро хэмнэх боломжтой болж байна.
Өмнө нь хувийн автомашин тус улсад хамгийн өргөн дэлгэрсэн тээврийн хэрэгсэл байв. 2018 оны судалгаагаар нийт иргэдийн 48 хувь нь ажилдаа машинаар явдаг, харин 71 хувь нь хувийн хэрэгцээ, аялал зугаалгын зорилгоор автомашин унадаг гэсэн тооцоо гарчээ. Харин хөрш Франц улсын нийслэл Парис хотын иргэдийн 69 хувь нь нийтийн тээврээр байнга зорчдог байна.