АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн 10 жилд байгаагүйгээр уналтад оров
Коронавирусийн нөлөөгөөр үүсээд буй хямралаас болж АНУ-ын хөрөнгийн зах зээл огцом уналтад орж эхэлжээ.
Нью-Йоркийн хөрөнгийн биржүүд 2011 оны 8-р сарын 18-аас хойших хамгийн алдагдал хүлээж эхэлсэн бөгөөд шинжээчид нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол удахгүй 2008 оны санхүүгийн хямрал давтагдах болно гэж анхааруулав.
"Dow (INDU)" индекс 1.191 пункт буюу 4.4 хувиар буурсан нь түүхэн дэх хамгийн том уналт байв. Харин "S&P 500 (SPX)" 4.4 хувиар, "Nasdaq Composite (COMP)" нь 4.1 хувиар буурсан байна.
Гэхдээ одоогийн байдлаар эдийн засгийн хямрал үүсэх нөхцөл байдал бүрдээгүй байгаа юм байна. Учир нь нийт хөрөнгийн зах зээл 12 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд хямрал үүсэхийн тулд энэ тоо 20 хувьд хүрэх ёстой аж.
Хөрөнгө оруулагчид вирусийн тархалтад санаа зовж эхэлсэн учраас 2 долоо хоногийн өмнөөс эхлэн хувьцаагаа идэвхтэй зарж эхэлсэн байна. АНУ-д "S&P" болон "Nasdaq" биржүүд дээр сүүлийн 6-н сарын хугацаанд борлуулагдаагүй их хэмжээний хувьцаа 2-р сард зарагдсан гэнэ.
"Хөрөнгө оруулагчид мэдээж эдийн засгийн хямралаас эмээсэндээ байгаа бүх хувьцаагаа бэлэн мөнгө болгохыг хүсч байгаа. Үүнээс болоод хөрөнгийн зах зээлд савалгаа үүсч эхэллээ" гэж хөрөнгө оруулалтын "GLOBALT Investments" компанийн мэргэжилтэн Паул Бунон хэлжээ.
Үүний хажуугаар түүхий эдийн үнэ буурч эхэлжээ. АНУ-ын нефтийн зах зээлд нэг баррелийн үнэ 3.4 хувиар буурч 47,09 ам.долларт хүрсэн байна.
Аж ахуйн нэгжүүд эхний улирлын орлогын таамгаа бууруулсаар байна. "Microsoft" компани лхагва гаригийн орой энэ оны эхний улирлын орлогын таамгаа 12 хувиар бууруулсан болохоо зарлалаа. Мөн "Goldman Sachs" (GS) нь пүрэв гаригт хийсэн тайланд АНУ-ын компаниудын орлогын хэмжээ 2020 онд тэг хувиар нэмэгдэнэ гэж дурджээ.