Сая амралтын өдрөөр манай хотоос холгүйхэн орших жижигхэн сууринд захиалгаар очиж, нэгэн баяныд уригдсан зочдод бид гурвуулаа үйлчилсэн юм. АНУ-д зарим хүмүүс өөрсдийн ямар нэг баяртаа биднийг хөлслөж зочидынхоо алганы хээг уншуулж, зугаацдаг гэх юм уу даа.
Тэдний яриа улс төр, эдийн засаг, шинэ бизнес, шал хэрэггүй хов, элдэвийн хог ярина. Гэтэл саяны үдэшлэгт Корона вирусын талаар ярилцаж байна. Доналд Трампын гаргасан Хятадын эсрэг эдийн засгийн хориг зөв байсан. Бурхан тэднийг гэсгээж шийтгэлийг нь оноож, Азиуд юу ч хамаагүй иддэг, хүнээс гажууд учир бурханы бэлгийг хүртээх өдөр нь ирж гэх мэт амандаа багтсан бүрийг шалчиж хундага тулгана.
Тэдний яриа асраас их тод сонсогдож байлаа. Би ази хүн учир, тэдний инээх бүр зүрх зүсээд байгаа юм шиг эвгүй, таагүй мэдрэмж надад төрж байлаа.
Жижигхэн онигор ази тэдний нүдэнд их л эвгүй харагдсан биз. Намайг харсан бүхэн Корона вирус амилаад явж байгаа мэт надаас дөлнө. Иймээс хамт ирсэн 2 маань учрыг гадарлаж бэлтгэл ажил дээр намайг суухыг эелдэгээр гуйсан юм. Би ч зөвшөөрлөө. Ирсэн зочидын алганы хээг уншихад амар хялбар болгох үүднээс хэвлэж дээр нь бүх хэмжээсийг тавиж кодлоно. Иймээс ирсэн зочдын бүх алганы хээг харах завшсаан надад тохиосон юм.
Цаг нь болж цуг ирсэн хоёр маань ирсэн зочдын өмнө гарч, тэдний эерэг сайхан түүх, ирээдүйд болох сайхан бүхнийг тоочиж байлаа. Харин сөрөг муу зүйлс нь үнэндээ энэ баярт ямарч хамаагүй хаягдана. Дандаа л ийм л байдаг. Зочдын эхнэрүүд хувийн зүйлсээ асуухаар бидний байрласан асарт нэг нэгээрээ цувран орж ирнэ. Нөгөө л ховын хогийн асуултууд ... Нууц амраг, бизнес, ховоор сонссон үг үнэн эсэх новшийн тэнэг асуултууд.
Гэтэл нэг согтуу тэнэг намайг анзаарсан бололтой. Чангаар хашгирч дуудаж байна. Миний гарт чанга яригч өгөөд бидэнд азиудын хоолны тухай ярьж өгөөч гэж худлаа инээж байгаа нь доромжлол мэт санагдаж байлаа. Гэхдээ миний дотор энэ бол боломж гэж би харсан юм.
Миний гарт одоо микрофон байна. Хүмүүс намайг ямарч эргэлзээгүй сонсоно. Титаник киноны Жекийг харж байсан ноёд гэх их зантуугаад төсөөлөгдөж байлаа.
Баян гэх бүдүүлэгт баяр хүргээд би ингэж яриагаа эхэлсэн юм.
Азиа тив хамгийн том газар нутагтай, хамгийн олон хүн амьдардаг тухай, хамгийн олон үндэстэн байдаг тухай, дэлхийн соёлын өв хамгийн их байдаг тухай яриад, Миний төрсөн газрыг МОНГОЛ гэдэг тухай ярьсан юм.
Santa Cruz -ын Highview гудамжинд амьдардаг хүмүүс бүгд адилхан гэж хэлж болохгүйтэй ижил Ази хүмүүсийг бүгд адилхан гэж хэлж болохгүй. Зарим азийн улсад 1м/кв талбайд Santa Cruz шиг чихэлдэн амьдардаг бол, миний төрсөн нутаг Монголд 1 км/кв талбайд 2-хон хүн байхаар өргөн уудам нутагтай гэдгийг хэллээ. Бид хорхой, сарьсан багваахай биш, зэрлэг эмийн ургамал иддэг хонь, үхрийн мах идэж зэрлэг онгон байгалиа хамгаалж амьдардаг тухай ярьлаа. Одоогоор азийн олон оронд Корона вирус дэлгэрч байгаа бол манай улсад байхгүй гэдгийг хэллээ. Дэлхийг эзлэж байсан морьтон баатарууд Хүннү, Чингис хааны тухай, биднээс айж хятад цагаан хэрэм босгосон тухай, байгалийн баялагаараа дэлхийд тэргүүлдэг тухай ярьсан.
Эцэст нь ээж аавыгаа өтөл насанд нь үр хүүхэд нь хүндэтгэлийн дээрээр хүндэлж асарч тэтгэдэг тухай, асрамжийн газарт хэн ч очиж ганцаардаж дуусдаггүй тухай. Яаж эхлэх нь сонин биш яаж дуусах нь чухал хүний хувь тавилангийн тухай. Өнөөдөр баян ч маргааш идэж чадахгүй ганцаардсан Америк хувь тавилангийн тухай хэлээд би үгээ дуусгасан.
Тэд инээлдэхээ больж өөрсдийнхөө ирээдүйн тухай бодож эхэлсэн. Би Монгол! Баярлалаа!
2020-01-29
Эх сурвалж: Анхбаяр Содномдаржаа /ХУВЬ ТАВИЛАНГИЙН ТАЙЛАЛ ГРУПП/