100 жилийн өмнө монголчууд өвчин тахлаас хамгаалах шилдэг аргатай байжээ
100 жилийн өмнөх нүүдэлчин монголчууд ийм сүрхий ард түмэн байжээ. Монголчууд аюулт өвчин, тахал гарваас гэр бүл, ахан дүүсээ хамгаалах, эд тавилгаа халдваргүйжүүлэх өөрийн гэсэн аргатай байсныг Рамстедт хэмээх европ эрдэмтэн 1899 онд бичиж үлдээсэн байна.
Үүнд:
"... Өвчин гарсан тохиолдолд монголчууд бас өөрийн гэсэн аргатай. Монголын тал нутгаар тахал байж мэдэх ямар нэг үл мэдэгдэх өвчин гарваас тухайн айл гэрээ буулгаж тараан, тавилга, юмсаа нэг нэгнээс нь аль болох хол зайнд хаяна. Ингээд гэрийнхэн тус тусын хоол хүнсээ базааж аваад гэрээсээ хагас километрийн хэртэй зайд очиж сууна. Нэг нэгнээсээ аль болох хол боловч бас хамгийн ойрхон нэгнээ дуудаж, дохио өгч чадахуйц хэмжээний тойргоор хил хийн, төвд нь суудаг.
Ийм байдлаар бүтэн долоо ч хонож чадах ба юу ч болохгүй бол аажмаар эргэн нийлж, гэр орноо босгож авна. Тэгээд тарааж хаясан эд юмсаа нэг нэгээр нь цуглуулах бөгөөд энэ хугацаанд халуун нар бүх талаас нь ээсэн байх ёстой. Энэ бол халдваргүйжүүлэх хамгийн энгийн монгол арга билээ. Хэрвээ хэн нэг нь үнэхээр тахал туссан бол хашгиран дуудахад хариу үл өгөх ба бүгд чухам юу болсныг мэдэх бөлгөө...."
Г. Й. Рамстедт "Дорно этгээдэд долоон удаа", 65-р тал