Дэглэм зөрчиж "томорсон" МAH-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлөхийг намын дарга нь үүрэгдэв
МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нь коронавирусын голомт болсон БНСУ-аас ирчихээд тусгаарлагдахгүй гэж "томорч" онцгой комиссын гишүүд рүү дайрсан байна. Харин Улсын онцгой комиссын гишүүд Ц.Бат-Энхийн гарыг нь гавлаад тусгаарлах байранд хүргэсэн талаархи мэдээллийг бид өмнө нь өгсөн. Тэгвэл МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хорио цээрийн дэглэм зөрчиж албан хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй, "том толгой гаргасан" намынхаа нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхэд хариуцлага тооцохоор болсон байна.
Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус намын дарга У.Хүрэлсүх Ц.Бат-Энхийн зохисгүй авирын талаар мэдээлэл авангуутаа "төр, нийгэмд нэг л ижил зарчим үйлчлэх ёстой, тиймээс Ц.Бат-Энхийг ажлаас чөлөөл" гэсэн үүргийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд өгчээ. Тэгэхээр Ц.Бат-Энхийг маргааш үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй байна. Ц.Бат-Энхийг цагдаагийн албан хаагчид тусгаарлах байрнаас Цэргийн төв эмнэлэгт байцаалт авахаар ажиллаж байгаа аж.