Л.Дашмягмар: Үдээс хойш Японы нислэгээр БНСУ-аас ирж буй 38 зорчигч ирнэ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хилийн хяналт, шалгалтыг чангатгаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга Л.Дашмягмар, “Өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, БНСУ, Япон улс руу үйлдэх нислэлийг хязгаарласан. Өчигдрийн хувьд цаг агаарын нөхцөл байдлаас болж Японоос ирэх нислэг хойшилсон. Өнөөдөр үдээс хойш 258 орчим зорчигчтой онгоц ирнэ. Мөн Бангкок-Улаанбаатар чиглэлийн сүүлийн нислэг өнөөдөр өглөө газардсан. Үдээс хойш Японы нислэгээр БНСУ-аас ирж буй 38 зорчигч ирж байна гэдэг мэдээлэл байгаа. ОХУ-тай хиллэж байгаа хилийн боомтуудад хяналт шалгалтыг чангатгаж байна. Тухайлбал, Баян-Өлгий болон Алтанбулаг, Дорнодын Эрээнцэвийн боомтод хяналт шалгалтыг илүү чатгатган, хянаж байгаа" гэв.