Дорно зүгийн ард түмэн “Аливаа хүний бодлоос үүдэн гарах тэр их гай зовлонг заналт дайсан нь ч түүнд хүсэхгүй” гэлцдэг. Харин эрт цагийн суут анагаагч Авиценна “Эмч хүнд аливаа өвчинг анагаах гурван хэрэгсэл байдаг нь үг, ургамал, мэс гурав юм” хэмээн сургадаг байжээ. Эдгээрээс хамгийн эхэнд ҮГ байгааг харж байна уу?
Париж хотын нэгэн эмнэлгийн сэтгэл зvйч эмч Эмили Кьи нь ерөнхий эмчийнхээ нэрээр түрүү барин өвчтөнгүүддээ “Миний биеийн байдал өдрөөс өдөрт дээрдэж байна” гэх өгүүлбэрийг өдөрт 10 удаа чангаар эсвэл дотроо хэлж байх даалгавар өгчээ. Ингэхдээ зүгээр л механикаар давтах бус, харин аль болох сэтгэлээсээ хэлж байхыг анхааруулж гэнэ.
Тэгээд юу болсон гэж санана? Сарын дараа эдгээр өвчтөнгүүдийн талаар эмнэлгийн эмч ажилчид төдийгүй, нийт Франц даяараа шагшин ярих болжээ. Учир нь зарим өвчтөн сарын дотор бүрмөсөн эдгэрч, зарим нь мэс засалд орох шаардлагагүй болсон байж. Өөрөөр хэлбэл, эрт цагийн агуа эрдэмтэн Парацельсийн “сүжиг бишрэл гайхамшгийг төрүүлдэг” гэх таамаглал үнэн болох нь батлагджээ.
Хүний сэтгэл зүйн байдал нь биеийнх нь байдалтай шууд холбоотой гэдгийг бид мэднэ. Хорин жилийн туршлагатай сэтгэл судлаач Андрей Метельскийгийн өгүүлснээр бол: “Ямар ч өвчин, ямар ч халдвараас сэргийлэх хамгийн шилдэг арга бол өөрийгөө эрүүл гэдэгт бат итгэх явдал юм. Сөрөг бодол бүх зүйлийг үгүй хийдэг. Жишээлбэл, уурлаж бухимдах нь хоол боловсруулах системд муугаар нөлөөлдөг. Хэн нэгэнд байнга гомдож явах нь элэг, нойр булчирхайн өвчлөлд хүргэдэг” ажээ.
Түүнчлэн хэн нэгэнд хайртай, түүгээр бахархадаг гэдгээ үгээр илэрхийлж байх нь цаад хүний энергийг сэлбэж, харин хорон муухай үгээр дайрч доромжлох нь энергийг нь шавхаж орхидог хэмээн сэтгэл судлаачид үздэг. Өнөө цагт сөрөг муу бодлоос үүдэлтэй өвчин эмгэг улам бүр олширсоор. Элдэвийн өвчлөлөөс өөрийгөөө сэргийлье гэвэл амьдралаас баяр баясгалан мэдэрч сураарай!
Энэ бүхнээс үзэхэд эрүүл мэнд, амьдрал ямар байх нь бодлоос шууд хамаардаг нь үнэн болж таарч байна:
- Сайн сайхан бодол сайн сайхан зүйлд хүргэнэ.
- Муу муухай бодол тээх аваас муу муухай зүйлтэй учирна.
- Бидний байнга бодож явдаг зүйл эрт орой хэзээ нэгэн цагт заавал биелнэ.
- Энэ мөчөөс эхлэн зөвхөн гэгээлэг, сайн сайхан бодол, итгэл найдвар тээж амьдарцгаая!
Зүрхний шигдээс болон дутмагшилыг үр дүнтэй эмчилдэгээрээ алдаршсан Америкийн нэрт зүрх судасны эмч, Др. Роберт Элиотын боловсруулсан хоёр алтан дүрмийг тэмдэглээд аваарай.
1-р дүрэм: ялихгvй жижиг зүйлээс болж сэтгэлээ бүү зовоо
2-р дүрэм: бүх зүйл ялихгvй жижиг.
Өлзийбатын Уянга