Алдарт теннисчин Мария Шарапова зодог тайлж байгаагаа зарлажээ
ОХУ-аас гаралтай теннисчин, Их дуулгын тэмцээний 5 удаагийн аварга алдарт тамирчин Мария Шарапова спортоосоо зодог тайлж байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан зарлажээ.
Тэрбээр өдгөө 32 нас хүрч байгаа юм.
Мария "Теннисний ачаар би дэлхийтэй танилцаж., хэн болохоо мэдэхэд минь тусалсан. Теннисээр би өөрийгөө хэмжиж, сорьж байсан юм. Миний амьдралын дараагийн уул ямар байх хамаагүй, би өөрийгөө дайчлан түүнийг даван туулах болно. Теннис минь баяртай" гэж мэдэгдэлдээ бичсэн байна.
Шарапова 2004 онд анх 17 настайдаа"Wimbledon"-ы тэмцээний түрүүг авч байсан бөгөөд түүнээс хойш "French Open"-д хоёр удаа, "Wimbledon", "Australian Open", "US Open" зэрэг их дуулгын тэмцээнүүдэд тэмцээнүүдэд тус бүр нэг удаа түрүүлж байсан юм.
Мөн тэрбээр олон тооны сурталчилгааны гэрээ байгуулж өнгөрсөн 11 жилийн турш дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын нэгт бичигдэж ирсэн юм. Тэрбээр карьерынхаа туршид нийт 280 сая гаруй ам.долларын орлого олсон байна.
Мария анх 2008 онд баруун мөрөндөө гэмтэл авч байсан бөгөөд нийтдээ 3 удаагийн хагалгаа хийлгэх гарсан байдаг. Үүнээс болоод түүний тоглох чадвар ихээр муудсан гэж олон хүн үздэг аж.
Мөн 2016 онд цусны шинжилгээгээр түүнээс мелдониум хэмээх сэргээшний төрлийн бодис илэрснээр болж 15 сарын турш бүх тэмцээнд оролцох эрхийг нь хасч байсан билээ. Мелдониумыг өмнө нь хэрэглэхийг зөвшөөрдөг байсан боловч 2016 онд хориглосон юм. Шарапова тус бодисыг өмнө нь 10 жилийн турш хэрэглэж байсан аж.
Энэ бүхнээс болоод дэлхийд чансаагаар 1-т бичигддэг байсан тамирчин 2019 оны сүүлчээр 373 дугаарт бичигдэх болсон юм.