Шинэ төрлийн коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдаж сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлээд байсан. Тэгвэл өнөөдөр хуралдсан Улсын онцгой комиссын хуралдаанаар баярын өдрүүдэд хэрэгжүүлсэн улс, хот хоорондын авто замын зорчих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг дуустал сунгасан юм. Мөн энэ өдрүүдэд нийслэлд нийтийн тээврийн хэрэгсэл үйлчлэхгүй гэж мэдэгдсэн. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл Нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоосон.
Нийслэлийн Онцгой комисс хуралдаанаар нийслэлийн нийтийн тээвэр өглөө, оройдоо ажил эхлэх, тарах үеэр ажлын өдрүүдэд үйлчлэхээр болсон тухай мэдээллээ.
Дээрх захирамжийн дагуу нийтийн тээвэр ямар зохицуулалтаар явахыг нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад "Хотын даргын захирамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг өглөө 06:00-10:00 цагт, орой 17:00-21:00 цаг хүртэл явуулах зохицуулалт хийсэн. Ингэхдээ өглөө, орой ид ачааллын үед үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлж, өдрийн цагт явах автобусны тоог цөөрүүлсэн" гэлээ.