Монгол эмч нарт ур чадвар биш, ёс зүй дутагдаж байна
Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт та бүхэнд хүрдэг "Саак өнцөг" булангийн шинэ дугаар хүрч байна. Бид энэ удаа Нидерланд (дэлхийд аз жаргалын индексээрээ тэргүүлдэг Скандинавын орнуудын нэг) улсад эмчлүүлж буй иргэн болон эх орондоо эмчлүүлж буй хоёр иргэнтэй ярилцсан юм. Үүгээр дамжуулж эмчийн ёс зүйн асуудлыг хөндөж байна.
Монголын мэс засалчид дэлхийн 70 гаруй орны мэс засалчдаас шилдэг 5-д жагссан сайхан мэдээ дуулсан цаг саяхан. Хэдий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, цалин хөлсөөр хангамж муутай ч тэд өөрсдийн чадвараар дэлхийд гарчээ. Үүнээс харахад манай эмч нар мэргэжлийн ур чадварын хувьд ярих зүйлгүй бололтой. Харин мэргэжлийн ёс зүйн хувьд ямар хэмжээнд байгаа бол?
Монгол эмч нар нэг см хүртэлх жижиг хавдрыг ч илрүүлэн оношилж, эмчилж чадаж байна гэнэ. Тэгвэл өвчтөнийхөө сэтгэл зүйд ядаж нэг см ойртож чадаж байгаа болов уу?
Өөртөө итгэлтэй, мэдлэг чадвартай ч цаанаа л нэг хүйтэн хөндий эмч нар сэтгэлд ойр санагдах нь байтугай, мянган бээрийн хол санагдана. Өвчтөнөө үл тоосон, уурлаж цухалдсан, хатуу үгс чулуудсан тэднийг ур чадвараар нь биш, ёс зүйгээр нь жагсаавал хэдэд эрэмбэлэгдэх бол?
Ер нь аль ч мэргэжилд ёс зүйн хичээл, мэргэжлийн ур чадварын хичээлээс доогуур үнэлэгддэгт асуудал байна. Ур чадвараар нь жагсаадаг хэрнээ, яагаад ёс зүйгээр нь жагсаадаггүй юм?
Бид гадны орнуудын эмч нарын ёс зүй хэр хэмжээнд байдаг, мөн тэд өвчтөнүүддээ хэрхэн ханддаг ялгааг гаргаж ирэх үүднээс Нидерланд улсад хүүхдээ эмчлүүлж буй иргэн Э, Монгол улсад мэс засалд орсон иргэн Н нараас сэтгэгдэлийг нь сонслоо.
Эх орондоо хагалгаанд орсон иргэн Н:
-Би хагалгаанд орчихоод эмнэлэгт хэвтэж байх хугацаанд бие маань гэнэт муудсан. Эмнэлгээс сахиул авахыг зөвшөөрөөгүй тул ганцаараа байлаа. Тэгээд сувилагч дуудах гэтэл хоолой гардаггүй, арай гэж дуугарч сувилагчаа дуудсан боловч сонсоогүй. Огцом бие нь муудсан хүмүүс яг л ингээд тусламж авч чадалгүй хорвоог орхидог байх даа гэж бодогдсон. Хэрвээ эмч, сувилагч дуудах товчлуур орны хажууд байрлуулаад өгчихвөл их амар юм байна гэж дараа нь бодсон доо.
Бас хагалгааны дараа гэнэт тэсэхийн аргагүй өвдөөд сувилагчдаа хурдхан өвчин намдаах эм өгөөч гэж гуйтал гэрээсээ өвчин намдаах лаагаа авхуулж хий гэж хэлсэн. Гэрээс хүн дуудаад ирэх хүртэл тэвчихийн аргагүй өвдсөн. Гэтэл миний эмчилгээний хайрцган дотор өвчин намдаах тариа, анелгин, димдрол бүгд байсан байгаа юм. Өчигдөр эмнэлгээс гарах үедээ л мэдсэн. Зарим сувилагчид ингэж л хандаж байна хэмээн ярьсан юм.
Үнэхээр ч өнөөдөр монголд наад захын ресторанд зөөгч дуудах хонх байдаг. Гэтэл эмнэлгийн байгууллагуудад сувилагч дуудах хонх тавиад өгчихөд огт боломжгүй зүйл биш л байлтай.
Харин Нидерланд улсад хүүхдээ эмчлүүлж буй иргэн Э:
-Бүх зүйл нь хүний төлөө байдаг улс үнэхээр сайхан юм. Нөхөр бид хоёр хүүгээ эмнэлэгт асарч байгаа юм. Тэгсэн бид гуравт яг л зочид буудал шиг дотроо 00, душ бүх зүйл бэлэн өрөөнд оруулаад, хүүд маань хэрэгтэй бүхнийг цаанаасаа бэлдэж өгсөн. Товчлуур дараад л хэрэгтэй бүх юмаа захиалаад авчихна. Эмч, сувилагчаа дуудахдаа ч товчлуур дарахад л тасгийн тоо нь гараад ирдэг болохоор эмч нар маань тэр дороо гүйгээд ирнэ.
Эндэхийн эмч нар маш хүнлэг хүмүүс шүү. Долоон жилийн өмнө эмнэлэгт хэвтэхэд хүүг маань хариуцсан өрхийн эмч нь их сургуулийн багш байсан юм. Тэгээд хүүгийн бие муудлаа гэж хэлтэл зааж байсан хичээлээ орхиод, хар усан бороон дундуур дугуй унаад гэрт маань ирж байсан. Эмчийн өмд нь дугуйны суудлын хэлбэрээр норчихсон яваа юм. Өөрөө тэрийгээ тоож байгаа ч юм алга. Хүүхдийн амь насны дэргэд юу ч биш гээд тийм л ухамсартай, хүнлэг эмч нар байдаг юм билээ.
Харин яг тэр үеэр энд 7 Монгол эмч докторын зэрэг хамгаалахаар суралцаж байсан. Нөхөр, хүү бид гурав эмнэлэгт бүтэн сар сэхээнд байхад тэр долоон эмчийн нэг эмч залуу л өдөр бүр ирж, хүүгийн маань биеийг асууж, бидэнд орчуулагч хийж өгч заримдаа бүр хоол бариад ирдэг байсан. Гэтэл нөгөө зургаа нь ганц ч орж ирээгүй. Уг нь бүгд л мэдэж байгаа ш дээ. Бид тэднээс юу ч гуйхгүй. Зүгээр л Монгол хүмүүс байна “хүү яаж байна” гээд ороод гарах болов уу л гэж бодсон. Ийм л ялгаатай байна.
Эндэхийн эмч нар ганган, чамин байна гэж ер байхгүй, маш энгийн. Хэн нь эмч, хэн нь сувилагч нь ч мэдэгдэхгүй. Миний хүүгийн нэг эрэгтэй эмч байдаг. Цолыг нь мэдэхгүй юутай ч их том эмч. Би тэр хүнийг анх харахад будаг нь халцарсан арьсан ботинктой, өмдөнд нь өвдөг гарчихсан байсан. Дотроо тэр хүнийг техникийн ажилтан л юм байна даа гэж бодоод нэг их тоогоогүй. Гэтэл физик эмчилгээний хамгийн том эмч нь байсан. Сүүлд мэдээд өөрийнхөө бодлоос ичсэн шүү.
Эмч, сувилагчгүй коридорт таараад бүгд мэндэлж гар бариад ямар байгааг, юугаар туслах вэ гэж асуугаад л, сайхан инээгээд л, бүр өвчнөө марттал сайхан хандана ш дээ. Эмнэлгээс гарахад миний хүүд тоглоом бэлэглээд “Та хоёртой хамтарч ажиллах сайхан байлаа, хүүгээ ингэж мундаг асардаг эцэг эх анх удаа л харлаа, баярлалаа” гэж хэлж байгаа юм. Уг нь хэн нь баярлах ёстой билээ. Тийм л сайхан хүний төлөө гэсэн хүмүүс байдаг юм билээ хэмээн ярьсан юм.
Мэдээж Монголын нөхцөлд өвчтөнүүддээ зочид буудал шиг тусгай өрөө гаргаж өгөөд, тав тухыг нь хангах нөхцөл одоогоор байхгүй. Гэхдээ эмч сувилагч нар өвчтэй хүмүүстээ ганц сайхан үг хэлээд урмыг нь сэргээчихэд тийм хэцүү гэж үү? Хагалгааны төлбөртөө багтсан эм, тариаг нь хайрцагт нь хадгалж үлдээлгүй, хэрэгтэй үед нь хийгээд өгчихөд болохгүй зүйл байдаг юм уу? Чадваргүй хүнээс биш, сэтгэлгүй хүнээс л айж явах ёстой болж. Мэргэжлийн ур чадвараараа биш, мэргэжлийн ёс зүйгээрээ л хүн бусдаас ялгарч, бусдад хүндлэгддэг цаг иржээ.