Хот хоорондын бүх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-н хүртэл хязгаарлалаа
Засгийн газрын хуралдаанаар хот хоорондын замын хөдөлгөөнийг энэ сарын 27 хүртэл хязгаарласан. Улмаар иргэд маргааш өглөөний 08.00 цагт зорчих боломжтой болох байв.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэхүү хязгаарлалтыг гуравдугаар сарын 2 хүртэл сунгалаа.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Маргааш буюу шинийн дөрвөнд хязгаарлалт дуусангуут иргэд хөдөөнөөс хот руу, хотоос хөдөө рүү золголтоор явах магадлал их байсан. Тиймээс ирэх долоо хоногийн даваа гариг хүртэл орон нутгийн зам, Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Үүнийг Улсын онцгой комиссын өнөөдрийн хурлаар батална.
Ажлаасаа чөлөө аваад явсан, хязгаарлалт хийхээс өмнө хөдөө явсан иргэд яах вэ гэх асуулт их ирж байна. Тиймээс тухайн иргэний гэрийнх нь хаягийг хараад Улаанбаатар руу оруулах зохицуулалт оруулна. Олон мянган албан хаагч 24 цагаар, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тиймээс шат шатандаа урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, Төрийн шийдвэрээ хүндэтгээрэй гэж уриалъя” гэв.