5-р сар гэхэд коронавирусийн тархалт буурахгүй бол Олимпын наадам цуцлагдана
Энэ оны 5-р сар гэхэд коронавирусийн тархалт буурахгүй бол 2020 оны Токиогийн Олимпын наадам цуцлагдах аюулд оржээ.
"Токиогийн олимпын хувь заяаг ирэх гурван сарын хугацаанд шийдэгдэнэ. Энэ хооронд тархалт буурахгүй бол мэдээж цуцлахаас өөр арга байхгүй" гэж Олон улсын олимпын хорооны гишүүн Дик Паунд мягмар гарагт Ассошиэйтед Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Олон улсын олимпын хорооны эцсийн шийдвэр нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хийсэн хэлэлцүүлгээс хамаарах аж. Энэ жилийн Олимпын наадамд ойролцоогоор 11,000 тамирчдыг Токио хотноо авчрахаар төлөвлөж байгаа бөгөөд тус наадам нь 7-р сарын 24-нд эхлэх юм. Харин 8-р сарын 25-нд эхлэх паралимпод оролцохоор 4,400 тамирчин Японд ирэх төлөвтэй байгаа аж.
"Мэдээж хэрэг эцсийн шийд 5-р сард гарах учраас орон орны тамирчид ямар ч санаа зовох зүйлгүй бэлтгэлээ хийж байж болно. Японд ч гэсэн Олимпын наадмын бэлтгэл ажил хэвийн үргэлжилсээр байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй" гэж Паунд мэдэгджээ.
Гэхдээ Олимпын наадам үнэхээр цуцлагдвал дараагийн наадмыг Японд биш өөр оронд хийх магадлал өндөр байгаа талаа эх сурвалжууд мэдээлжээ.