Хятад улсад зэрлэг амьтны мах худалдаалах, хэрэглэхийг бүрэн хориглолоо
Даваа гаригт Хятад улс зэрлэг амьтдын махны худалдаа, хэрэглээнд бүрэн хориг тавьсан байна.
"Уг хориг тун удахгүй хэрэгжиж эхлэх бөгөөд халдварын тархалтыг зогсоосон талаар мэдээлэх хүртэл цуцлахгүй" гэж Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яамны Зах зээлийн зохицуулалтын газраас мэдээлсэн байна.
Коронавирусний халдварын голомт болох Ухань хотын халдварын тархалтын газар зүйн байдлыг судалж үзэхэд тархалт болон нэгэн захын зэрлэг амьтдын хууль бус худалдаа нягт уялдаа холбоотой байсныг тогтоосны дараа дээрх шийдвэрийг гаргажээ.
Зах, супермаркет, хоолны газар, цахим худалдааны цахим хуудаснууд зэрэгт бүх төрөл зүйлийн зэрлэг амьтны худалдааг хориглоно гэж дээрх мэдэгдэлд дурджээ. Мөн амьтдыг тэжээж буй газруудад хөл хорио тогтоож, амьтдыг тээвэрлэх, худалдаалахыг хориглох ажээ.
Өмнө нь 2002-2003 онд "SARS" (амьсгалын замын хүнд хэлбэрийн цочмог синдром)-ийн дэгдэлтийн үед мөн адил зэрлэг амьтны худалдааг хориглож байсан юм.
Энэхүү хориг нь богино хугацааны боловч байгаль хамгаалах мэргэжилтнүүд Хятадын зэрлэг амьтдын харгис худалдааг нэг мөр дуусгавар болгох, эсвэл тус зах зээлийг бүрэн хяналтад оруулахаар шийдээд байгаа аж.
Коронавирус нь Хятадад 2,592 хүний аминд хүрч, 77000 орчим хүнд халдварлаж, тус улсын эдийн засагт том хүндрэл үүсгээд байгаа юм.