Ираны Эрүүл мэндийн дэд сайд коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ
Ираны эрүүл мэндийн дэд сайд болон парламентын нэг гишүүн коронавирусийн халдвар авсан байна.
Тус улс нь Хятад улсаас гадна тархалт хурдацтай нэмэгдэж байгаа гурван орны нэг юм.
Дэд сайд Ираж Харирчи өнгөрсөн даваа гаригт дэгдэлтийн цар хүрээг сэтгүүлчдэд тайлбарлаж байх үеэр бие нь илэрхий муу байсан тухай мэдээллийн агентлагууд онцолж байгаа юм.
Тэрбээр өөрийн твиттер хуудсаар дамжуулан "Би өөрийгөө гадаад ертөнцөөс бүрэн тусгаарласан. Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байна. Бид энэхүү аюулт өвчнийг дарах болно" гэж мэдэгджээ.
Иранд одоогийн байдлаа халдвар илэрсэн 95 тохиолдол бүртгэгдээд байгаа боловч жинхэнэ тоо түүнээс хавьгүй илүү байх магадлалтай хэмээн зарим эх сурвалжууд мэдээлжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Хятад улсаас гадуур тохиолдол гэнэт нэмэгдэж байгаа нь "үнэхээр их санааг нь зовоож байна" гэж мэдэгджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мягмар гаригт Вашингтон Иранд дэгдэлтийн талаарх"чухал мэдээллүүдийг" нуун дарагдуулсан байж магадгүй гэж мэдэгдээд, бүх үндэстнийг "коронавирусийн талаар үнэнийг хэлэхийг" уриалав.
Коронавирусийн улмаас амиа алдсан хүний тоогоор Иран улс Хятадын араас жагсаж байна. Тус 2 улс нь худалдааны тал дээр нягт хамтарч ажилладаг учраас вирусийн тархалт эрчимтэй явагдах бүрэн боломжтой аж.
Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгос, Итали зэрэг орнуудад мөн халдвар авсан хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа юм.