ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Хариуцлагатай байх ид үе эхэлж байна"
ХӨСҮТ-өөс COVID-19 вирусын тархалтын байдал, сэжигтэй тохиолдлуудын талаар ээлжит мэдээлэл өглөө.
Тус төвөөс мэдээлснээр энэ сарын 21-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр тохиолдлын хариу сөрөг буюу шинэ коронавирус илрээгүй байна. Мөн Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээний хариу мөн сөрөг гарсан. Хяналтын хугацаа дуусаж байгаа гэнэ. Харин өчигдөр ХӨСҮТ-д зургаан тохиолдол тусгаарлагдсан. Шинжилгээний хариу маргааш гарах юм байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Цагаан сарын өдрүүд эхэлж байна. Хөдөлгөөнийг тусгаарласан шийдвэрүүд онож гарсан, үүнийг иргэд биелүүлэх шаардлагатай. Өөрийгөө хамгаална гэдэг нь гэр бүлээ хамгаална гэсэн үг тул гаргасан зөвлөмжүүдийг биелүүлээрэй.
Хариуцлагатай байх ид үе эхэлж байна. Өчигдрийн байдлаар хөл хөдөлгөөн ихтэй байсынг иргэд шүүмжилж байсан. Шийдвэрүүд гарсан байтал хөл хөдөлгөөн ихтэй байх нь хохирол авчирна. Нэг хүний аюул улс оронд ямар их хөнөөл тарьж байгааг харж байгаа байх. Баяраа голлож биш, хариуцлагатай үеэ голлох хэрэгтэй байна" гэлээ.