Италид коронавирусын халдвараар 2 хүн нас барж, хэд хэдэн хотуудад хөл хорио тогтоожээ
Италийн хойд хэсэгт COVID-19 вирус эрчимтэй тархаж, хоёр хүн нас бараад байгаа тул бүс нутгийн 10-аад хотод бүрэн хөл хорио тогтоожээ.
Ломбарди, Венето муж дахь томоохон хотуудад сургууль, үйлчилгээний газрууд, сүм хийдүүд хаагдаж, нийтийг хамарсан арга хэмжээнүүд бүрэн цуцлагдсан бол Италийн эдийн засгийн төв Милан хот дахь төрийн албаны оффисын байрнууд хаагдсан байна.
Венето мужийн оршин суугч, 78 настай эрэгтэй коронавирусээр өвчилсөн нь тогтоогдсоны дараа удалгүй нас барсан байна. Мөн тодорхойгүй өвчнөөр нас барсан Ломбарди мужийн 77 настай эмэгтэйн цогцост шинжилгээ хийсний дараа түүнийг COVID-19 вирусээр өвчилсөн байсныг тогтоожээ.
Италид одоогийн байдлаар 79 хүн COVID-19 вирусын халдвартай гэж бүртгэгдээд байна.