Эзэн хаандаа төрсөн өдрийн бэлэг болгож Бутан улсын иргэн бүр нэг мод тарьж, нэг нохой тэжээнэ
Өнгөрсөн баасан гарагт Бутаны ерөнхий сайд Лотай Цэринг улсынхаа иргэддээ хандаж хүн бүр нэг золбин нохойг үрчилж аван тэжээх, эсвэл нэг мод тарих замаар эзэн хаандаа төрсөн өдрийн бэлэг барихыг уриалжээ. Ингэснээрээ Бутан улсад эрс олшроод буй эзэнгүй нохдын асуудлыг шийднэ гэж тэрбээр үзсэн байна.
"Ерөнхий сайд маань Бутан хүн бүр нэг мод тарин арчилж тордох, эсвэл эзэнгүй нохой үрчилж аван тэжээж орчны бохирдлоос салахад хувь нэмрээ оруулахыг жирийн иргэний байр сууриас уриалж байна. Энэхүү үйл нь эрхэм дээдэст хамгийн гайхалтай бэлэг байх болно." хэмээн тус улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Бутан улсын хаан Жигмэ Хесар Намгэл Ванчук нь энэ жил 40 нас хүрч байгаа юм байна. 2008 онд тэрбээр эцгээсээ хаан ширээг өвлөн авч, улсынхаа 100-аад жилийн түүхтэй хаант засгийг үргэлжлүүлжээ.
2-р сарын 21-ний өдөр нийслэл Тхимпху хотын Чанлимитанг цэнгэлдэх хүрээлэнд хааны төрсөн өдрийг тэмдэглэх ёслол болжээ
Энэтхэг, Хятад улсуудтай хиллэн орших, харьцангуй жижиг газар нутагтай Бутан улс нь эдийн засаг гэхээс илүү иргэдийнхээ аз жаргалтай, сэтгэл ханамжтай байдалд голчлон анхаардаг. Үндсэн хуулийнх нь 9-р зүйлд иргэн бүр аз жаргалтай байх нь төрийн гол үүрэг болохыг заасан байдаг бөгөөд үүнийг хэрэгжүүлэх зорилготой "Аз жаргалын яам" засгийн газрын бүрэлдэхүүнд байдаг байна. Тус яамны 2015 онд хийсэн судалгаагаар иргэдийн 35 хувь нь "маш их аз жаргалтай", 47.9 хувь нь "аз жаргалтай", 8.8 хувь нь "сэтгэл дундуур" амьдарч байгаа гэсэн үр дүн гарч байжээ.