НАСА-ийнхан "Боинг" онгоцыг дэлбэлсэн нь...
1984 оны 12-р сарын 1 нд НАСА болон АНУ-ын нисэхийн удирдах газар хамтран Boeing 720 онгоцыг санаатайгаар унаган дэлбэлж багийн гишүүд болон зорчигчдийн амь насыг хамгаалах технологийн туршилт хийсэн байна. Дөрвөн жилийн турш бэлдсэн уг туршилт төлөвлөгөөний дагуу явагдсан ба дэлбэрэлтийн явцад үүссэн галыг бүтэн цагийн турш унтрааж чадаагүй билээ.
Туршилтын явцад иймэрхүү ослын үед зорчигчдийн дөрөвний нэг нь амьд үлдэх боломжтой гэдгийг тогтоож, онгоцны шатахууны ууршилт, тархах байдлыг бууруулах боломж болон зорчигчдийн аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухам юу хийх хэрэгтэй талаар олон чухал мэдээлэл олж авчээ.
Мөн НАСА-гийн инженерүүд нь онгоц буулгах үед сантиметрийн хэлбэлзэлтэй нисэхийн коллиматор нь илүү аюулгүй буулт хийх боломж олгодог болохыг олж мэдсэн байна.
1984 оны 12-р сарын 1 нд уг онгоц Калифорни мужийн Эдвардс нисэх баазаас хөөрсөн ба НАСА-гийн туршин нисгэгч Фицхью Фултон нислэгийг алсын зайнаас удирдсан байна. Түлшний савыг 34 тонн шатахуунаар дүүргэсэн уг онгоц 700 метрийн өндөрт нисэж байгаад унах ёстой байв.
9 минутын нислэгийн дараа онгоцны өндрийг аажуухан багасгаж, шийдвэр гаргах (буух эсвэл дахин хөөрөх тухай шийдвэр гаргах эцсийн өндөр) өндрөөс доош ороод, тооцож байсан траектороос бага зэрэг баруун тийш чиглэлтэйгээр доошилж эхэлсэн байна.
Газардах зурвасаас бага зэрэг зөрсөн, буух хурднаас бага хурдтай доошилж байсан онгоцыг зайнаас шууд буулгах команд өглөө.
Онгоц зүүн тийшээ хазайсан байдалтай, моторын дээд хүчээр доошлох үедээ газарт байсан гурван металл бэлдцийн нэгийг 3-р хөдөлгүүрийн орчмоор мөргөжээ.
Хоёр дахь металл бэлдэц их биеийг цөм цохисноос хөдөлгүүрээс урсан гарах шатахуун асаж түймэр гарсан байна.
Бодит ослын үеэр нөхцөл байдал арай өөр байх боловч ослын үед бий болох нөхцөл байдал, онгоцны баг болон зорчигчдийн аюулгүй байдлын тухай олон чухал мэдээллийг ийнхүү олж авсан билээ.