Хот хоорондын орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг улс даяар бүрэн хязгаарлалаа
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрийн 8 цагаас эхлэн улс, хот хоорондын авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн хаалаа. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020.02.23-ны өглөөний 08:00 цагаас 2020.02.27-ны өглөөний 08:00 цаг хүртэл орох гарах хөдөлгөөнийг бүрэн хориглосон.
Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн баруун, зүүн, хойд, урд чиглэл /Эмээлт, Шинэ 22-ын товчоо, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоо, Баянзүрхийн товчоо, Ар гүнтийн пост, Туул тосгон-Био, 361 гарам/-ийн хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах байнгын хяналтын цэгүүдэд цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавина.
Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.