Өмнөд Калифорнийн их сургууль бага орлоготой гэр бүлээс гаралтай оюутнуудыг төлбөргүй сургана
Өмнөд Калифорнийн их сургууль /USC/ нь гэр бүлийн орлого нь жилд 80,000 ам.доллараас бага байгаа оюутнуудыг үнэгүй сургахаар төлөвлөж байгаагаа Пүрэв гарагт зарлажээ.
Тус сургуулийн захирал Карол Л. Фолт их сургуулийг оюутнуудад дээд боловсролыг илүү хүртээмжтэй болгох үүднээс хоёр шинэ төсөл хэрэгжүүлж эхэлснээ мэдэгдсэн юм. Тэдгээрийн нэг нь энэ намар шинээр элсэх оюутнуудад үнэгүй боловсрол олгох юм байна. Сургуулийн зүгээс оюутны санхүүгийн чадавхыг тодорхойлсны үндсэн дээр тэтгэлэг олгох бөгөөд ингэхдээ зөвхөн орлогын хэмжээг нь харах аж.
"Бид санхүүгийн байдлаас үл хамааран АНУ-ын шинийг санаачлагч, удирдагч, бүтээгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой. Оюутныхаа авьяас чадварыг хөгжүүлэхийн тулд олон талт байдлаар хөрөнгө оруулах нь бидний зорилго юм." гэж Фолт хэлжээ.
Өмнөд Калифорнийн их сургуулийн жилийн сургалтын төлбөр нь оюутны төлбөр, орон сууц, ном зэрэг нэмэлт зардлыг тооцохоос өмнө 57,256 ам.доллар байдаг. Тус сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд оюутнуудад 611 сая ам.долларын санхүүгийн тусламж үзүүлсэн гэж мэдэгджээ.
Тус сургууль оюутнуудад үзүүлэх санхүүгийн тусламжийг жилд 30 гаруй сая доллараар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж Пүрэв гаригт зарласан. Ингэснээр 2020 оны намар, 2021 оны хаврын семестрүүдэд элсэж буй оюутнуудын гуравны нэг нь энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна.