Дональд Трамп тодорхой болзолтойгоор Жулиан Ассанжийг өршөөх санал тавьж байсан нь ил болжээ
2017 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нь WikiLeaks-ийг үндэслэгч Жулиан Ассанжийг өршөөх, үүнийхээ төлөө Ассанж нь АНУ-ын Бүгд Найрамдах Намын цахим шуудан ил болсон хэрэгт ОХУ хамаагүй гэдгийг нотлох тухай санал тавьсан гэж Guardian сонин мэдээлжээ.
2016 оны турш WikiLeaks нь Ардчилсан намын үндэсний зөвлөлийн гишүүдийн хоорондоо бичилцэж байсан захидлыг болон Трамптай ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Хиллари Клинтоны сонгуулийн штабын дарга Жон Подест нарын захидлыг нийтэлж байсан юм. Үүний дараа АНУ-ын засаг захиргаа ОХУ-ыг хакерын дайралт хийсэн гэж буруутган, 2018 онд ОХУ-ын засаг захиргаа, ОХУ-ын ерөнхий штабын төв удирдлага (ГРУ), бизнесмен эцэг хүү Агаларов, WikiLeaks-ийг үндэслэгч Жулиан Ассанж , Трампын сонгуулийн штабыг шүүхэд өгсөн боловч шүүх хүлээж аваагүй байна.
Бүгд найрамдах намын сенатч байсан Рорабахер нь ерөнхийлөгчийн даалгавраар Ассанжтай уулзаж АНУ-ын ардчилсан намын үндэсний зөвлөлийн гишүүдийн бичиг захидал ил болсон хэрэгт Орос улс хамаагүй гэдгийг баталбал өршөөх болон бусад арга зам хайж болох тухай ярилцсан гэж Ассанжийн өмгөөлөгч ярьсныг "Guardian" сонин иш татжээ.
Лондоны Вестминистрийн магистрартын шүүх нь өнгөрсөн лхагва гаригт Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэх тухай техникийн сонсголыг хийсэн ба жинхэнэ шүүхийн сонсгол энэ сарын 24 нд эхлэх юм. Тус техникийн сонсголоор Бельмаршын шоронд хоригдож байгаа Ассанжтай видео сувгаар холбогдож, тэрээр өөрийн бүтэн нэрийг хэлж хэргийн материалыг анхааралтай судалж байгаа тухайгаа мэдэгдсэн байна.
Австрали эрийн найз нөхөд, өмгөөлөгчид нь ойрын үед Ассанжын болон Америкийн засаг захиргааны хоорондын харилцааны сүүлийн 10 жилийн тухай хэд хэдэн баримт ил гаргахаар зэхэж байгаагаа саяхан мэдэгдсэн билээ.
Ассанж нь 2010 онд бэлгийн дарамт, хүчингийн хэрэг хийсэн хэмээн Шведэд эрүүгийн хэрэг үүсгэсний дараа буюу 2012 оноос тэрээр Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд хорогдож байсан юм. 2019 оны 4-р сарын 11-нд түүнийг АНУ-ын хүсэлтээр баривчилсан бөгөөд Лондон нь Ассанжийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан хэргээр 11 сар шоронд хорих шийтгэл оноогоод байгаа билээ. Харин АНУ-д шилжүүлэх үйл явц 5-р сарын 2 ноос эхэлсэн байна.
АНУ-ын засаг захиргаа Ассанжид өөр 17 төрлийн гэмт хэрэг тулгаж байгаа тухайгаа 5-р сарын сүүлээр мэдэгдээд, эдгээрт тагнуул хийсэн, нууц материалыг задалсан зэрэг хэргүүд орж байгаа юм байна. Өмнө нь түүнийг зөвхөн хакерын үйл ажиллагаанд буруутгаж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй бөгөөд хэрвээ түүнийг АНУ-д шилжүүлбэл тэрээр олон арван жилийн хоригдох ял авах өндөр магадлалтай билээ.
АНУ-ын хууль зүйн яам нь Роберт Мюллерийн хоёр жилийн турш хийсэн мөрдөн шалгалтын явцад "АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, түүний сонгуулийн штаб нь 2016 оны сонгуулийн үеэр Орос улстай ямар нэг байдлаар хуйвалдаан хийгээгүй, Трамп нь шүүх засаглал хэрэгжихэд саад болоогүй" гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Гэхдээ Мюллер нь Орос улс энэ сонгуульд тодорхой байдлаар нөлөөлсөн гэж үзсээр байгаа ба харин Москва үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм.