ОХУ-ын үндсэн хуульд ерөнхийлөгчийг халдашгүй дархан эрхтэй болгох өөрчлөлт орж магадгүй
ОХУ-ын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн нь ерөнхийлөгч байгаад бүрэн эрхийнх нь хугацаа дууссан хүнийг халдашгүй дархан эрхтэй байх заалтыг үндсэн хуульд оруулах санал гаргасан байна.
Ажлын хэсгийнхний уулзалтын үеэр төрийн тэргүүн байсан хүний халдашгүй эрхийн тухай, үүнийг хэрхэн ямар байдлаар үндсэн хуульд тусгаж болох тухай ярилцжээ. ОХУ-ын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Екатерина Лахова энэ тухай хэлэхдээ :
“Ерөнхийлөгч нь үндсэн хууль, ард түмэн иргэдийн эрх чөлөөний баталгаа байж, ОХУ-ын тусгаар тогтносон байдлыг хамгаалахад хуульд заасан бүх л эрх мэдлээ хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Үндсэн хуулийн 91-р зүйлд тусгасан ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрх нь түүний энэ үүргээ гүйцэтгэх боломжийг хангаж өгч байгаа юм. Гэхдээ одоо энэ заалтыг хуучин ерөнхийлөгч байгаад бүрэн эрх нь дуусгавар болсон хүмүүст хамаатуулах цаг болжээ. Ингэснээр ерөнхийлөгч нь үүрэг гүйцэтгэж байх үедээ хэнээс ч хараат бус байх үндсэн хуульд тусгасан баталгаатай болох юм. Тийм учраас бүрэн эрхийнх нь хугацаа нь янз бүрийн нөхцөл байдлаар дууссан, ерөнхийлөгч байсан хүн нь халдашгүй дархан эрхтэй хэвээр байх ёстой” гэжээ.
Хойд хөршийн одоогийн Үндсэн хуулийн дагуу бол Путиний бүрэн эрх 2024 онд дуусч, тэрээр дахин өрсөлдөх боломжгүй болох юм. Гэхдээ түүнийг Беларусьтай нэгдэн шинэ улс байгуулж, улмаар өөртөө эрх мэдлээ авч үлдэх гарц нээнэ гэсэн таамаг бий.
Өнгөрсөн сард тэрээр ОХУ-ын засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь тараасан билээ. Төрийн Думын өмнө засгийн газрыг тараах мэдэгдэл хийх үедээ тэрбээр "Бүх нийтийн санал асуулгаар улс орны үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц дээр санал хураалтыг явуулах шаардлагатай гэж үзэж байна" гэж хэлсэн юм. Мөн тэрбээр хууль тогтоогчдод Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг нэрлэх боломжийг олгох үүднээс үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг санал болгож байсан билээ.