Анхнаас нь хүүхдийг хооллох зөв дадал хэвшилд сургаарай
Хүчээр хооллох
Бага насны хүүхдүүд хэр их хэмжээтэй идэхээ өөрөө мэддэг. Ямар ч хүүхдийн эмч хоол зүйч таньд хэлнэ. Хүүхэд хааяа юм идэхгүй хааяа маш их идэж болно. Цадсан эсэхийг ганцхан хүүхэд шийдэх ёстой. Хүүхэд хоол идэхгүй байх ямар хэцүү гэдгийг ойлгож байгаа ч хэдхэн өдөр тэсээрэй (хүүхдийн өсөлт хэвийн байвал- ягаан дэвтрийн араас нь харж болно). Зарим хүүхдүүдийг хүчээр хооллоод байвал хоолондоо муу болох биш эсрэгээрээ маш их иддэг болдог.
Өөрөөр хэлбэл хооллох буруу дадал хэвшилтэй болдог. Өөрийгөө цадсан эсэхийг мэдрэхгүй идээд л байдаг. Тиймээс хүүхэд цадталаа идэх л чухал. Харин үүний тулд хүүхдийг аль болох бие даалгаж идүүлж сургах хэрэгтэй(сууж сурсан цагаас). Мөн хүүхэд хоол идэхгүй байвал 30 минут ч юм уу 1 цагийн дараа дахин санал болгоод байгаарай. Энэ хугацаанд хүүхдэд тань өлсөх мэдрэмж бий болох байх.
Хүүхдийн өсөлт хөгжлийн онцлог
- Хоолондоо муу болох
- Нойрондоо муу болох
- Ээждээ наалдаад холдохоо болих
- Ааштай болох, уйлах
Ойролцоогоор хэзээ дээрх шинж тэмдэг илрэх вэ?
- 1 сар
- 2сар
- 4 сар
- 6сар
- 8 сар
- 12 сар
- 1,5 нас
- 2 нас
- 2,5-3 нас
Жишээлбэл:
4 сар (шөнө олон сэрээд байдаг болохоор хүүхэд хөхөндөө цадахгүй байна гээд ихэвчлэн хоолонд оруулж эхэлдэг. Энэ үед хүүхдийн нойр насанд хүрсэн хүнийхтэй ижил хэмнэл рүү шилжих том өөрчлөлт гардаг)
Хоолны дуршил бууруулах зүйлс өгөх
Үүнд: Чихэртэй зүйл, ундаа, боов гэх мэтчилэн. Хоолоо муу идээд байна гээд боов эсвэл чихэрлэг зүйлсээр хүүхдээ хооллоод хоолонд бүүр муу болгодог. Үүний оронд эдгээр зүйлсийг харин ч хориглож хүүхдэд өлсөх мэдрэмж төрүүлэх хэрэгтэй. Ингэж байж таны хүүхэд өлсөөд хоолоо сайн иднэ. Манай охин хоол идэхээс 1цагийн өмнө нэг боов идсэн байвал хоолоо бага иддэг.
Өөрөөр хэлбэл хүүхдийн өлсөх мэдрэмж төрж эхлэх үед боов өгөнгүүт тэр мэдрэмж байхгүй болно. Яг хоол өгөх үед тэр мэдрэмж байхгүй юм чинь хүүхэд хоолоо сайн идэхгүй. Тиймээс өлсөх мэдрэмжийг хүүхдэд бий болгох маш чухал. Ямар ч хүн өлсөх мэдрэмж бий болж байж хоолоо сайн иднэ. Хүүхдээ аль болох тодорхой цагт хооллохыг бодоорой (хүүхдийг хэт удаан өлсгөхөөс сэргийлэхийн тулд)
Хүүхэлдэй үзүүлэх
Хүүхдээ хооллохын тулд концерт тавьдаг ямар нэгэн зүйл утсаараа үзүүлэх зэрэг нь хүүхдийг хооллох буруу дадал хэвшилтэй болгодог. Хүний тархи хоол хараад ходоодны шүүс ялгаруулан хоолоо идэх ёстой байдаг. Харин та хүүхэлдэй үзүүлснээр таны хүүхэд хоолонд биш тэр хүүхэлдэйнд хамаг анхаарлаа хандуулдаг. Ходоодны шүүс бага ялгарвал хоол задлах нь бага байна гээд бодоод үзээрэй. Үүнээс үүдэн хоол шингэлт удаашрах гэх мэтчилэн олон сөрөг талтай.
Нэг л төрлийн хоол өгөх эсвэл сонирхолгүй хоол өгөх
Хүн нэг зүйлээ байнга идээд байвал уйддаг. Үүнтэй адилаар хүүхдэд олон төрлийн хоол хийж өгөх. Хүүхдийн анхаарлыг татахуйц хоолоо таваглаж чимэглэх ( Нэг хэсэг манай охин банш их иддэг байснаа идэхээ больчихсон. Харин чимхэлтийг нь өөрчлөөд өгсөн чинь буцаад дуртай болсон)
Сэтгэл зүйч Г. Хулан