Хятад улс шинэ сансрын станц барих ажлаа эхлүүлжээ. Тус төслийг ахалж байгаа мэргэжилтэн Ци Шихаунь "Бид 2022 он гэхэд ажлаа бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Гэхдээ энэ хооронд ямар нэг хүндрэл гарахыг үгүйсгэхгүй" гэж мэдэгдсэн байна.
Олон улсын тэргүүний түвшний сансрын станц байгуулж, нэлээд том хэмжээтэй, урт хугацаагаар хүн ажиллаж болох сансрын хэрэглээний асуудлыг зохицуулах нь Хятадын нисгэгчтэй сансрын төслийг гурван шатаар хөгжих стратегийн зорилт билээ.
Өнгөрсөн оны 3-р сараас эхлэн төлөвлөсөн энэхүү төслийн хүрээнд Хятадын засгийн газар 10 тэрбум ам.доллар төсөвлөсөн байна. Төлөвлөгөө ёсоор Хятадын сансрын нисгэгчид ирэх 3 жилийн хугацаанд 10 гаруй удаа дэлхийн тойрог замд орж тус станцыг барьж дуусгах юм байна.
Тус шинэ станцыг Хятад улс урт хугацаагаар тойрог замд тогтвортой ажиллах үндэсний сансрын лаборатори болгон ашиглах юм. Одоогийн байдлаар сансрын станцын цөм болсон бүхээг, хөөргөх үүргийг хариуцах "Чанжэн-5-Б" зөөвөрлөгч пуужингийн ажил бараг дууссан бөгөөд ирэх сард хөөргөх аж.