Коронавирусын дэгдэлтээс болж "Apple" компанийн улирлын орлого эрс буурах төлөвтэй байна
Америкийн Apple компани нь коронавирусийн тархалтаас болж энэ оны эхний хагаст олохоор төлөвлөж байсан орлогоо олж чадахгүй байдалд хүрээд байгаа тухайгаа өөрийн албан ёсны сайтад мэдээлжээ.
“Бидний 2020 оны 1-р сарын 28 нд танилцуулсан энэ оны эхний улирлын урьдчилсан таамаг маань тухайн үед бидэнд байсан мэдээллийг нэгтгэн дүгнэсэн, Хятадын шинэ жилийн баярын амралтыг хугацаандаа дуусна гэж тооцож байсан боловч энэ нь бидний бодсоноор болсонгүй. Бидний тооцоолж байснаар энэ гуравдугаар сард дуусах эхний улирлын тухай таамаг маань хоёр зүйлээс болж биелэх боломжгүй болж байна” хэмээн тус компани мэдээлсэн байна.
Энэ компанийн хэлсэн тэрхүү хоёр шалтгааны эхнийх нь iPhone ухаалаг утсыг бүх дэлхийгээр тараах явдалд учирсан саад бэрхшээл бол хоёр дахь шалтгаан нь Хятадад Apple компанийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ багасаж байгаа явдал гэнэ.
Гуравдугаар сард дуусах энэ улирлын урьдчилсан тайланд тус хугацаанд ойролцоогоор 63-67 тэрбум долларын орлого олж, үйл ажиллагааны зардал нь 9.6-9.7 тэрбум доллар байхаар тооцоолж байжээ.
Коронавирусын дэгдэлт нь 2019 оны 12 сард төв Хятадын хамгийн том хотуудын нэг 12 сая хүн амтай Ухань хотод гарсан билээ. ДЭМБ энэ вирусийн халдварыг онцгой нөхцөл байдал гэж үзсэн ба халдварын голомт хэмээн олон газар нутгийг тооцсон байна. Хятад улсаас гадна 25 улсад энэ халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд сүүлийн үеийн мэдээгээр нас барсан хүний тоо 1.8 мянга, эрүүл саруул болж эдгэсэн нь 10.8 мянга, нийт халдвар авсан хүний тоо 70.5 мянга болоод байгаа юм байна.
Өнгөрсөн онд "Apple Inc" компани 2019 оны эхний улиралд "iPhone" утасныхаа хамгийн сүүлийн гурван загварын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 10 хувиар багасгах шийдвэр гаргаж байв. Томоохон үйлдвэрлэгчдийн дунд ховорхон тохиолддог энэхүү шийдвэр нь Хятадад "iPhone" утасны эрэлт суларсан, түүнчлэн АНУ-ын худалдааны дайн компаний орлогод нөлөөлж эхэлснээс болсон юм. Мөн олон хэрэглэгчид болон шинжээчид шинэ "iPhone"-уудыг хэтэрхий үнэтэй байна гэж шүүмжилж байгаа юм.
Зах зээлийн судалгааны фирмүүдийн тооцоолсноор Хятад дахь ухаалаг утасны тээвэрлэлт, хүргэлтийн нийт хэмжээ 2018 онд 12 хувиар буурсан бөгөөд энэ жилд 3 хувиар мөн адил буурсан тооцоог гаргасан аж.