Г.Майнжаргал: Нүүдлийн шувууд вирус тээж ирэх магадлалтай
Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархаж, Монгол Улс эрсдэл өндөртэй орны тоонд багтсан тул өндөржуулсэн бэлэн байдалд шилжсэн. Хятад улсын Ухань хотын хүнсний захаас гаралтай энэхүү вирусийг могой болон сарьсан багваахай зэрэг амьтнаас хүнд халдварласан байж болзошгүй гэх таамгийг эрдэмтэн судлаачид дэвшүүлээд байгаа юм. Коронавирус зэргийн зооноз халдвар нь амьтан, хүний хоорондын харилцаанаас халдахаас гадна ханиах, найтаах үед агаар дуслаар дамждаг байна. Үүнээс гадна нүүдлийн шувуудаар халдварлах эрсдэлтэйг холбогдох нийгэмлэгээс анхааруулж буй. Иймд дулааны улирал ирж буй энэ үед манай орны нүүдлийн шувууд аль бүс нутгаас хэзээнээс ирэх, хэдэн хувь нь дамжин өнгөрдөг, корона болон бусад төрлийн вирус тээж ирэх эрсдэлтэй эсэх талаар Шинжлэх ухааны академийн Биологийн хурээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.МАЙНЖАРГАЛТАЙ ярилцлаа.
-Нүүдлийн шувууд ирэх дөхөж байна. Тэд дэлхий дахинд тархаж буй коронавирусийн халдварыг тараах эрсдэлтэй талаар олон улсын нийгэмлэгүүд анхааруулж эхэллээ. Ийм зүйл болох магадлалтай юу?
-Манай улсад 513 зүйлийн шувуу байдаг. Үүний 80 орчим хувийг нүүдлийн шувуу эзэлдэг. Монгол орныг нүүдлийн шувуудын Зүүн Ази-Австралийн, Төв Ази-Энэтхэгийн, Номхон далайн баруун эргийн, Африк-Евро Азийн дөрвөн том зам дайран өнгөрдөг болохыг судлаачид тогтоосон байдаг. Эндээс үзвэл жил бүрийн нүүдлийн шувуудын чиглэлээр Зүүн өмнөд Ази дахь шувууны томууны голомттой ойрхон гэж үздэг нутгаас олон зүйлийн хэдэн мянган шувуу нүүдэллэж, Монгол болон Сибирт ирдэг. Нүүдлийн шувууд гуравдугаар сараас нүүдэллэж эхэлдэг.
Олон улсын байгууллагуудын үзэж буйгаар Хятад улсад бүртгэгдсэн Н5N1 вирус тэжээмэл шувуудаас илэрсэн ч нүүдлийн шувуугаар дамжих магадлал өндөр гэж үздэг. Тийм учраас үхсэн шувуутай таарвал ойртож, хүрч, оролдохгуйгээр аль болох тухайн орон нутгийнхаа ариун цэврийн төв лаборатори /МАЦТЛ/, Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/ зэрэг харьяа мэргэжлийн болон холбогдох албан байгууллагад мэдэгдэх хэрэгтэй. Шувуунаас шувуунд халдварлаж тээвэрлэгддэг учраас гэрийн тэжээвэр шувуудын мах, өндгийг гүйцэд болгож идэхийг зөвлөдөг. Хэрэв шувууны ханиадны вирусийн халдвар даамжирвал тэжээмэл шувуудын мах болон өндөгний хэрэглээг зогсоож, бүр устгах зөвлөмжийг өгдөг.
-Коронавирусийг сармагчин, сарьсан багваахайнаас үүдэлтэй гэж таамаглаж байгаа. Монголын тухайд сарьсан багваахай өвчин тараах магадпал бий юү?
-Коронавирус буюу СOVID-19 өвчний вирус хөхтөн амьтнаас гаралтай болохыг эхний байдлаар тогтоосон боловч яг ямар зүйлийн хөхтнөөс хүнд халдсан гэдгийг тодруулах судалгааны ажлыг хийж байна. Сүүлийн үеийн зарим судалгааны үр дүнгийн эх сурвалжаас үзвэл сарьсан багваахайнаас үүсэлтэй панголин хэмээх шавж идэштэн амьтан завсрын эзэн байж болзошгүй гэж Хятадын судлаачид анхааруулж байна. Гэхдээ энэ зүйлийн хөхтөн манайд байхгүй. Манайд байхгүй гээд аюулгүй гэж бас бодож болохгүй. Нягталж, тодруулахаар судалгаа хийж байгаа гэдгийг дахин хэлье. Зүүн өмнөд Азид төдийгүй, дэлхийд зэрлэг амьтны хууль бус худалдаагаар тэргүүлдэг амьтны нэг бол панголин юм. Энэ хөхтөн амьтан хамаардаг бүлэг амьтдыг Хайрстны баг буюу Гүрвэлжийнхэн гэж Монголоор нэрлэдэг. Манайд сарьсан багваахайн нэлээд хэдэн зүйл бий. Энэ бүлэг амьтдыг судалдаг эрдэмтэн судлаачид ч байдаг. Судалгаанаас үзэхэд сарьсан багваахай арав болон түүнээс дээш төрлийн элдэв аюулт өвчний вирус тээдэг. Амьтан судлаачдын дунд хүртэл сарьсан багваахайтай ажиллахад хамгаалалтын бээлий, хувцас хэрэглэдэг заавартай. Энэ нь тухайн зүйл хөхтөн хазаж, шархлуулбал эсвэл ялгадас сангас ихтэй хад агуйд амны хаалтгүй орвол ямар аюултайг илтгэж байгаа юм.
Монголд сарьсан багваахайг тодорхой зорилгоор хүнсэнд хэрэглэдэг мэдээ, баримт эх сурвалж байдаггүй байх. Энэ талаар тухайн чиглэлийн судлаачдаас тодруулах нь зүйтэй. Хэрэв тийм бол ямар ноцтой өвчин тархаж байгааг та бүхэн, бид дэлхий нийтээрээ харж байна. Тухайн амьтны биед шимэгчилдэг хачиг, бүүргэнд хазуулбал мөн тийм өвчнийг авах аюултай учраас аюулгүйн зааварчилгааг судлаачид, эрдэмтэд дэлхий даяараа мөрддөг.
-Шувуунаас ямар замаар хүнд дамжин халдварлах эрсдэлтэй вэ?
-Шувууны томуу вирусээр үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Агаар дуслын замаар хурдан тархдаг. Хүний томууны вирус гадаад орчинд, ялангуяа чийгшил багатай агаар бүхий хүйтэн орчинд хэдэн цагаар ч үржиж амьдрах чадвараа хадгалдаг. Тэжээвэр шувуу зэрлэг шувуутай тэжээл, ус бэлчээрээр шууд давхцаж, нүүдлийн шувуудаас тэжээвэр шувууд, мал, амьтанд, улмаар хүнд дамжин халдварлах магадпалтай гэж үздэг. 2005 онд БНХАУ-д нас барсан хүнийг нугасны мах худалдаалдаг байсан гэж мэдээлж байсан. Мөн энэ улсад арав гаруй байршил нутагт өвчний тохиолдол бүртгэгдсэн учир импортоор оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүндээ хяналт тавих шаардлага гарч байсан.
-Манай оронд хамгийн түрүүнд нүүдлийн ямар шувуу ирдэг вэ?
-Уур амьсгалын өөрчлөлт, тухайн жилийн байгаль цаг уурын онцлог, дэлхийн хүн амын эрчимтэй өсөлт, суурьшил зэргээс шалтгаалан нүүдпийн хугацаа бага зэрэг наашилж, хойшлох үзэгдэл байдаг. Жимсээр хооллодог шувууд хожуу, харин шавж хорхойгоор хооллодог нь арай эрт нүүдэллэдэг. Судлаачдын хувьд сохор элээг хамгийн түрүүнд ирдэг гэж үздэг. Элээ махан идэшт төдийгүй хүнтэй ойр амьдардаг шувуу гэдгээрээ онцлог.
-Манай оронд ирсэн нүүдлийн шувууд ихэвчлэн хаагуур нутагладаг вэ. Хүн олноор суурьшсан бүсэд ямар төрлийн хэчнээн шувуу ирдэг вэ?
-Манай ахмад судлаачид нүүдлийн шувуудын зам, байршил нутгийг тогтоосон байдаг. Дийлэнх нь манай орны томоохон нуур голын сав бүхий нутагт хавар, зун, намрын улиралд усны шувууд ихэвчлэн суурьшина. Нүүдлийн шувууд өсч үржсэн газартаа жил бүр буцаж ирдэг. Хүн олноор суурьшдаг суурин газруудад ихэвчлэн бор шувууны багийн шувууд орж ирдэг. Мөн Сибирээс манай оронд ирж өвөлждөг шувууд ч бий. Эдгээр шувууны хот суурин газар дахь ногоон байгууламжийн модны жимс, үрээр хооллодог.
-Урд хөршид коронавирусээс гадна шувууны ханиад гарсан. Тиймээс нүүдлийн шувууд халдвар тээвэрлэн ирэхвий гэсэн болгоомжлол байна?
-Манай оронд нүүдлийн шувуудаар дамжин шувууны ханиад ирэх магадлалтай. Жишээлбэл, манай оронд 2009 оны хавар өвчтэй нэг, үхсэн есөн зүйлд хамрах 29, намрын улиралд таван зүйлд хамрах 12, 2010 оны хавар үхсэн гурван зүйлийн гурав, намар өвчтэй нэг шувуу илэрч байсан.
-Ихэвчлэн ямар төрлийн шувууд шувууны ханиад тээж ирэх магадлалтай вэ?
-Бидний судалгааны дүнгээс үзвэл 30 гаруй зүйл усны шувуу томууны вирусэд илүү эмзэг бөгөөд тээж ирэх магадлалтай байна. Гэхдээ байгалийн шувуу нүүдлээ хийдгээрээ хийнэ. Гагцхүү өвчлөл гарсан бүс нутгаас л нүүдпийн шувууд ирэх нь эрсдэлтэй болохоос шувуу бүр тийм биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Нүүдлийн шувууд хэчнээн төрлийн халдвар тээж ирэх боломжтой вэ. Халдварт өвчин тээж ирсэн тохиолдол өмнө нь гарч байв уу?
-Манай улсад нүүдлийн шувууд тээн ирж болзошгүй өндөр хоруу чанартай Н5N1 вирусээр үүсгэгдсэн шувууны томуугаар өвчилсөн тохиолдол 2009 онд хоёр удаа бүртгэгдэж байсан. Өмнө нь 2005, 2006 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт Эрхэл нуур, Булган аймгийн Сайхан сумын Хунт нууранд нүүдлийн буюу гангар хун, хээрийн галуу, алаг шунгаач зэрэг усны шувуу H5N1 хэвшлийн вирусээр үүсгэгддэг өндөр хоруу чанартай шувууны томуугаар өвчилсөн болохыг оношилж байсан. Мөн 2009 оны тавдугаар сард Архангай аймгийн Өгий нуур сумын Дойтын Цагаан нуур, мөн оны наймдугаар сард Хөвсгөл аймгийн Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутгийн заагт оршдог Дөрөө нуурын орчимд үхсэн шувуудаас авсан дээжид шинжилгээ хийж, “А” хүрээний Н5N1 хэвшлийн вирус гэдгийг тогтоосон. Тухайн дээжийг Японы Хоккайдогийн их сургуулийн мал эмнэлгийн сургуулийн Ази Номхон далайн орнуудын шувууны томуугийн лавлагааны лабораторид илгээж, Н5N1 хэвшлийн вирусээр үүсгэгдсэн шувууны томуу мөн болохыг баталгаажуулсан байдаг. Судалгаагаар шувуунаас хүнд халддаг 20 гаруй төрлийн өвчин байдгийг тогтоосон. Гэхдээ үхсэн шувуу болгон өвчтэй биш гэдгийг иргэд маань анхаарах хэрэгтэй. Гагцхүү анхаарал сэрэмжтэй байж энд тэнд олноор үхсэн шувуудыг оролдохгүй, түргэн мэдээлэх, мэдээллийн дагуу мэргэжилтнүүд лабораторид шинжилж, ард иргэдэд бодит үнэн зөв мэдээллийг эргээд хүргэх тогтолцоог дэлхий даяар шаарддаг. Тиймээс эрдэмтэн судлаачид мэдээлэл солилцон судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж эх сурвалжийг үнэн зөв тогтоож, эрсдэлийг бууруулах, хамгаалах, эмчлэх талаар ажиллаж байна. Энэ талаарх үнэн зөв мэдлэг, мэдээлэл иргэдэд маш чухал гэдгийг хэвлэлийнхэн маань ойлгох хэрэгтэй.
-Шувууд яагаад шинэ төрлийн халдварт өвчний вирусийг тээдэг вэ?
-2018 оны нэгдүгээр сард Афганистан, Ирак, Камбож, Саудын Араб, Тайвань, Өмнөд Солонгос, Япон болон Өмнөд Африк зэрэг найман улсад шувууны ханиад дэгдсэн байдаг. 2005- 2012 оны хоорондох эхний давлагаатай харьцуулахад энэ удаа тухайн вирусийн төрөл зүйлийн тоо гурав дахин нэмэгдсэн онцлогтой байна. Н5N1, Н5N6, Н7N9 төрлийн вирус хүнд халдарлавал эрсдэлтэйд тооцогдож байгаа юм.
-Нүүдлийн шувууд халдвар тээж ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Шувууны нүүдлийг судалж яадаг юм гэж хүмүүс их асуудаг. Хариулт нь таны асуултад оршиж байдаг. Шувуудыг тэмдэглэх, хүзүүвчлэх, дамжуулагч зүүж ихээхэн зардал, хугацаа, хүчин чармайлт гаргаж судалж байгаа нь мэдээж тухайн шувууны экологи, биологийн судалгааг хийхийн зэрэгцээ нүүдлийн замуудыг нь тогтоодог.
Тиймээс судалгаагаар тогтоосон нүүдлийн шувуудын бууж амрах бүс нутгуудад харьяалах ус, намгархаг газар, гол нуурыг тогтоож чадсанаар өвчин тээгдэн ирэхээс урьдчилан сэргийлж тухайн газруудыг анхааралдаа авч дараагийн шатны арга хэмжээг төлөвлөдөг. Эрсдэлээс сэргийлнэ гэсэн үг. Гэхдээ ийм өвчтэй шувуу олон зуун километр зам туулж ирэх нь биологийн зүйлийн сүргээ элдэв өвчнөөс хамгаалах зохилдлогооны нэг юм. Манай орны баруун, төв, зүүн бүсийн томоохон нууруудад хот, аймаг, сумдын холбогдох байгууллагын хамтарсан мониторинг буюу урт хугацааны байнгын судалгааг хийж тухайн нуурын орчим хяналтын цэг байгуулан ажилладаг.
Иргэн бүр тодорхой мэдлэгтэй байж уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй элдэв өвчин үе, үе гарах болсон өнөө үед гол ус нууртай газруудад шувууд олноор цуглардаг газраас нүүдлийн хугацаанд гэхгүй аль болох зайлсхийх, орон нутгийн малчин айлууд нуур цөөрмийн ойр орчимд буухгүй байх, шувууд олноор үхсэн байвал үнэн зөв мэдээллийг холбогдох газруудад нэн яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Мөн шувууд олноор буух газарт малаа бэлчээхгүй байх нь зүйтэй.
-Нүүдлийн шувууд халдвар тээж ирэх эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?
-Дэлхийн аль бүс нутагт ямар улиралд, аль зүйлийн хэчнээн шувуунаас гарсныг зайлшгүй оношлон тогтоосноос шалтгаалан олон улсын байгууллагаас зөвлөмж гаргадаг. Ямар зүйлийн шувууд дэлхийн аль хуурай газар, далай тэнгис руу нүүдэллэдгийг үндэслэн нүүдлийн замуудад зөвлөмжид дурдсан арга хэмжээг төлөв- лөн хэрэгжүүлдэг. Тиймээс шувууны томуу, өвчний холбогдолт дээж сорьцыг авах, өвчний сэжигтэй гэсэн хорогдож үхсэн шувуу тааралдсан тохиолдолд УМЭАЦТЛ-оос боловсруулсан тусгай зааварчилгаа, арга зүйн дагуу дээж цуглуулж, юуны өмнө түргэн оношлуураар эхний шинжилгээг хийж протокол үйлддэг. Үхсэн шувууг мөн тусгай зааварчилгааны дагуу ариутган булж, устгах арга хэмжээг авч цуглуулсан бүх дээжийг шинжилгээнд явуулдаг. Тухайн сэжигтэй нуур байрладаг орон нутгийн томоохон нуур, голын дагуу нүүдлийн шувуудын бөөгнөрөл ихтэй байршлуудад ард иргэд, малчид олноор цуглахгүй байх, мөн аймаг, сумдын холбогдох мэргэжлийн байгууллагад шувуудын зурагт материалыг тарааж мэдээлэл бүхий сэрэмжлүүлэг өгч бүхий л боломжтой мэдээллээр хангаж ажилладаг. Хэд хэдэн төрөл, зүйл шувуу шувууны томуунд мэдрэмтгий түргэн өвчилдөг буюу шинж тэмдэг илэрвэл тухайн шувууд хамгийн түрүүнд эндэж, хорогддог.
C.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин