Агаарын чанарын үзүүлэлтээр 100 айл орчмын агаар хамгийн сайн байна
Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт та бүхэнд хүрдэг "Саак өнцөг" булангийн ээлжит дугаар хүрч байна. Бид энэ удаа агаарын чанарын индекс тодорхойлдог 3 вэбсайтын, 2 цаг тутамд шинэчлэгддэг үзүүлэлт дээр тулгуурлан нийслэлийн хамгийн бохирдол ихтэй болон багатай бүсүүдийг тодорхойллоо.
Жич: Тэдгээр 3 вэбсайтын нэг нь "Байгаль орчин, аялал жуулчлалын яам"-ны дотоодын сайт бол үлдсэн 2 нь дэлхийн улс орнуудын агаарын чанарын индекс тодорхойлдог гадны сайтууд юм.
Агаарын чанар хамгийн сайн бүс
1 http://aqicn.org/here/
100 айл орчмын агаарын чанарын үзүүлэлт хоёрдугаар сарын 18-ны 23:00 цагийн байдлаар
Дээрх сайтын үзүүлэлтээр 100 айл орчмын агаарын чанар 28 буюу "сайн" гэсэн үзүүлэлттэй байгаа нь нийслэл хот дахь хамгийн дээд үнэлгээ юм.
2 agaar.mn
Харин "Байгаль орчин, аялал жуулчлалын яам"-ны agaar.mn сайтад 100 айл орчмын агаар 55 буюу "хэвийн" үнэлгээтэй гарчээ. Энэ нь мөн л тус сайтын үзүүлэлтээр нийслэл дэх хамгийн сайн үнэлгээ юм. (Тус хоёр сайтын үзүүлэлтэд Зайсан орчмыг хамруулаагүй болохыг анхаарна уу.)
Хэдийгээр эдгээр хоёр сайтын үзүүлэлтийн тоо зөрж байгаа ч (28/55), үнэлгээ нь "хэвийн, сайн" гэсэн адилхан дүгнэлтэд хүрч байна.
3 airvisual.com
Харин airvisual.com сайтад агаарын чанар хэвийн бүсүүдийг үзүүлээгүй бөгөөд зөвхөн "unhealthy" буюу "эрүүл бус" болон түүнээс муу үзүүлэлттэй хэсгүүдийг харуулсан байна.
Сайтаас 100 айл орчмын бүсийг хайн шалгахад агаарын чанарын үзүүлэлтийг нь тэмдэглээгүй байсан юм.
Агаарын чанар хамгийн муу үзүүлэлттэй бүс
http://aqicn.org/here/
Дээрх сайтад агаарын чанарын үзүүлэлтээр Толгойт(267), Баянхошуу (266) орчмын бүс хамгийн их бохирдолтой гарчээ.
agaar.mn
Харин agaar.mn сайтын статистикаас харвал 1-р хороолол орчим хамгийн их агаарын бохирдолтой байна. Мөн Баянхошуу 216 үзүүлэлтээр түүний араас орж байгаа нь дээрх сайтын үзүүлэлттэй ижил байна.
airvisual.com
Тэгвэл airvisual.com сайтын мэдээллээр Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо хамгийн их буюу 649 үзүүлэлттэй байгаа нь агаарын бохирдлын аюултай хэмжээнд тооцогджээ. Үүний араас Баянхошууны 67-р сургууль 514 үзүүлэлтээр орсон нь өмнөх хоёр сайтын үзүүлэлттэй давхцаж байна. (зөвхөн Баянхошуу)
Дүгнэлт
Дээрх сайтууд Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой хэсгээр Баянхошуу 67-р сургууль, Сонгинохайрхан 5-р хороо, 1-р хороолол, Толгойт зэргийг тус тус нэрлэсэн байгаа юм. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл нийслэлийн баруун болоод баруун хойд хэсэг агаарын чанарын индексээр хамгийн муу үнэлгээтэй байна.