Хятад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлнэ
Мягмар гаригт Хятад улс гахайн мах, үхрийн мах, шар буурцаг, шингэрүүлсэн байгалийн хий, газрын тос зэрэг АНУ-аас импортолж буй 696 нэр төрлийн бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.
Вашингтон, Бээжингийн хооронд хийсэн худалдааны хэлэлцээрийн 1-р үе шатны гэрээний дагуу Хятад ийнхүү АНУ-д татварын хөнгөлөлт үзүүлж байгаа аж. Үүнээс өмнө тус улсын засгийн газар 2 удаа Америкийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа бууруулж байсан юм. Мөн дээрээс нь Хятад улс ирэх хоёр жилийн хугацаанд АНУ-аас 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдаж авах үүрэг хүлээж байгаа аж.
Хоёр талын худалдааны маргаан хурцадмал үед нэмэгдсэн тарифаас чөлөөлөгдөх бусад бүтээгдэхүүнд денатурат этилийн спирт болон зарим улаан буудай, эрдэнэ шиш, шар буурцаг оржээ. Зэсийн хүдэр, баяжмал, зэс хаягдал, хөнгөн цагаан хаягдал зэрэг металлууд мөн татвараас чөлөөлөгдөнө гэж Хятадын санхүүгийн яамны мэдэгдэлд дурджээ.
Дэлхийн хоёр дахь том эдийн засгийг ноцтой сүйрүүлж буй коронавирусийн тархалттай холбогдуулан Хятад улс ийм шийдвэр гаргаж байгаа аж. Тус улсын эрх баригчид вирусийн тархалтыг зогсоох зорилгоор аялал жуулчлал, тээврийн хэрэгсэлд томоохон хязгаарлалт тавьсан бөгөөд одоогийн байдлаар 1900 орчим хүн амиа алдаж, 70,000 гаруй хүн халдвар авсан байна.