Германы ерөнхийлөгч: "Дэлхийд хамгийн их аюул учруулж байгаа улсууд бол Америк, Орос, Хятад"
АНУ, ОХУ, Хятад нь дэлхий дахины аюулгүй байдалд заналхийлж байна гэж Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер үзэж байна. Тэрээр Вашингтон нь өөрийн эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьдаг, Москва, Бээжин нь олон улсын хууль дүрмийг хүссэн үедээ зөрчдөг гэж хэлжээ. Мөн Европ нь Орос улстай харилцаагаа сайжруулах хэрэгтэй гэдгийг дурдаад гэхдээ энэ нь өөр бусад улстай харилцаагаа муутгах нөхцөл болохгүй байх ёстойг сануулсан байна.
Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нь Мюнхений 56-р чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ АНУ, ОХУ,Хятад улс нь хувиа бодсон үйл ажиллагаа явуулдгаас энэ дэлхийд “харилцан итгэлцэл суларч, зэвсэглэлээр хөөцөлдөх явдал газар авч байна” гэж хэлсэн байна.
Улс орон нь өөрийн эрх ашгаа бүхнээс дээгүүр тавих ёстой гэсэн үзэл баримтлал нь одоогийн АНУ-ын эрх баригчдын гол уриа болсон гэж тэрээр хэлээд “бүгд хувиа бодоод байвал бүгдийнх нь эрх ашиг хангагдахгүй гэдгийг “ сануулжээ.
Харин ОХУ болон Хятад нь үе үе олон улсын хууль дүрмийг зөрчиж байна гэж Германы ерөнхийлөгч үзсэн байна.
“ОХУ нь дэлхий дахины тогтсон хууль зүйг үл тоон Крымийг өөрийн мэдэлдээ авсан...Ингэснээр цэргийн хүч, хилийг хүчээр давах зэрэг асуудал нь улс төрийн үйл ажиллагааны бас нэг арга болж хувирахад хүргэсэн...” гэж дүгнээд “ Хятадын хувьд өөрт нь ашигтай үед л олон улсын хууль дүрмийг дагадаг”, үүний баталгаа нь Хятад улс үндэсний цөөнхийн хүний эрхийг хавчин гадуурхдаг, мөн Өмнөд-Хятадын тэнгист тус улсын явуулж буй бодлого зэргийг дурдаж болох тухай хэлжээ.
Мөн Европ нь Орос улстай харилцаагаа сайжруулах хэрэгтэй гэдгийг дурдаад гэхдээ энэ нь өөр бусад улстай харилцаагаа муутгах нөхцөл болохгүй байх ёстойг тэрээр анхааруулсан байна.
“Одоо бидэнд ЕХ болон Орос улсын илүү сайн харилцаа чухал хэрэгтэй. Гэхдээ үүнийг би төв Европын улс орнууд, ард түмний эрх ашгийг хохироох замаар хийх ёсгүй гэж бодож байна. ЕХ нь Орос улстай ямар харилцаа тогтоох хэрэгтэй тухай нэгдсэн үзэл бодолтой болох ёстой” гэж ерөнхийлөгч үзсэн байна.
Энэ бодлого нь ямар нэг хориг арга хэмжээ, хоорондын харилцааг хумьсан зүйл байх ёсгүй ба иймэрхүү арга хэмжээ нь зөвхөн хор хохирол л учруулж байна гэж Штайнмайер үзээд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн тухай дахин сануулж, “үүний улмаас хоёр талын харилцан итгэлцэл үгүй болсныг “ онцлон тэмдэглэжээ.
Крымийн хойг нь ард түмний санал асуулгын дүнгээр ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон гэдэг ч барууны улс орнууд, Украин нь энэхүү санал асуулгыг хүлээн зөвшөөрдөггүй, Крымийг буцааж өгөхийг ОХУ-аас шаарддаг ба харин Москвагийн хувьд Крымийн аль улсад хамаарах тухай асуудал гэж одоо огт байхгүй, шийдэгдсэн зүйл гэж үздэг билээ.
Хятадын хувьд Штайнмайер нь Өмнөд-Хятадын тэнгист байх хэд хэдэн арлыг тус улс нь өөр бусад улстай булаацалдан байдаг, энэ маргаантай байдал хэдэн арван жил үргэлжилж байгаа тухайд хэлсэн байна. Үндэсний цөөнхийн эрх ашгийг хязгаарлаж байгаа тухай санаа нь НҮБ-ийн гаргасан “ 1 сая гаруй уйгар иргэд “засан хүмүүжүүлэх лагерьт хүмүүжиж байгаа тухай “ “гэсэн илтгэлд дурдсан баримтад түшиглэн хийсэн дүгнэлт бөгөөд харин Бээжин нь тийм засан хүмүүжүүлэх лагерь гэж байхгүй гэдэг байна.
Барууны улс орнуудад ОХУ болон Хятад улсын үйл ажиллагаанаас болж бий болдог бэрхшээлийг тоймчид нэгтгэн дүгнэхдээ Крымийн асуудал, өмнөд Хятадын тэнгисийн байдал зэргийг дурдсан бөгөөд бас Москва Бээжингийн хамтын ажиллагаа нь Европын улс орнуудад тодорхой хэмжээний асуудлууд үүсгэдэг гэж үзжээ.
Мөн экспертүүд нь Европын холбоо нь популизм болон үндсэрхэг үзэл зэргээс болж тодорхой хэмжээгээр ганцаардаж байгаа тухай сануулаад энэ холбоо нь батлан хамгаалах салбарт илүү нягт ажиллаж байж өөрийн нөлөөг нэмэгдүүлнэ гэсэн дүгнэлт хийсэн байна. Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэх бас нэг шалтгаан нь НАТО-гийн гишүүд орнуудын дунд улам ихээр бий болж байгаа зөрчилдөөн (батлан хамгаалах салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэх талаар) гэж тэд дурдсан байна.
Хэдийгээр Штайнмайерын илтгэлд ОХУ-ын хийсэн эерэг зүйлийн тухай үг байхгүй, зөвхөн энэ улстай хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн санаа байгаа боловч Мюнхений чуулга уулзалтад оролцогч мэргэжилтнүүд нь ОХУ-ын 2019 онд хүрсэн амжилтыг хэлэхээ мартсангүй. Тэд ОХУ нь НАТО-гийн гишүүн болох Турк улсад зэвсэг худалдах болсныг, ПАСЕ-д (ЕХ-ны парламентын ассамблей) ОХУ-ын төлөөлөгчид эргэн суух болсныг, ойрх Дорнодод Москвагийн гүйцэтгэх үүрэг зэргийг онцлон тэмдэглэжээ.