Германчуудын 14 жилийн турш барьж буй нисэх буудал
Авилга хээл хахууль гэдэг зүйл улс орон болгонд байдаг бөгөөд өгдөг авдаг хэмжээ, хамарсан цар хүрээгээрээ л хоорондоо ялгаатай болов уу. Авто зам дээр замын цагдаад өгөх бага хэмжээний авилгаас эхлээд ажлын өрөө, офистоо суун сая саяын хээл хахууль авах нь зарим газар бүр уламжлал,бараг хууль ёсны зүйл болж хувирсан нь ч байдаг билээ. Авилгатай тэмцэх тухай яриа гарахад бүгд дуу дуугаа аван нэг нэгнийгээ дэмжих мэт боловч үнэндээ энэ үзэгдлийн эсрэг хийдэг зүйл цөөн, харин улс төрийн тэмцэлд ашиглах гол зэвсэг болон хувирдаг нь нууц биш. Авилга хээл хахуультай тэмцэх ажил засаг төрийн дээд хэмжээнд хангалтгүй байдаг ба учир нь энэ талаар хэт идэвхтэй байр суурь баримталбал магадгүй өөрийн талынхан, бүр өөрийгөө ч илрүүлж болзошгүй тал бий.
Берлин дэх Бранденбургийн “Вилли Брандт” хэмээх нисэх буудлыг 14 жилийн өмнөөс барьж эхэлсэн боловч хэзээ дуусах нь одоо хүртэл ойлгомжгүй хэвээр. Энэ хооронд нисэх буудал барих төсөв 1,5 тэрбум евро байгаад одоо 8 тэрбум болж өссөн, энэ нисэхтэй холбоотой олон тооны хээл хахуулийн хэрэгт эрүү үүсгэсэн, шүүх, мөрдөн байцаалт одоо хүртэл үргэлжилсээр байгаа юм.
Энэ нисэхээс болж Берлины хотын дарга албан тушаалаасаа огцорсон, Вилли Брандтын гэр бүлийнхэн талийгаачийн нэрийг ийм бузар явдалтай холбоотой байлгах хүсэлгүй байгаа зэргээ мэдэгдсэн гээд өөр бас олон зүйл бий. Нисэх буудлыг нээх хугацаа ч байнга хойшилсоор байгаа ба хамгийн сүүлд хийсэн мэдэгдлээр бол 2020 оны намар ашиглалтад өгнө гэсэн боловч үүнд итгэж байгаа хүн ер нь байхгүй гэхэд болох байх.
Мэдээж энэ зэргийн том төслийг хэрэгжүүлэх явцад урьдчилан харах боломжгүй байсан бэрхшээл зөндөө шинээр гарч болох учраас ашиглалтад өгөх хугацаа хойшлох нь байх л зүйл. Гэсэн ч ...
Нисэх буудлыг туршилтын журмаар ажиллуулж үзэхэд зорчигч шалган нэвтрүүлэх цэг нь тооцоолж байснаас 2 дахин бага буюу ердөө 30 ширхэг байжээ. Энэ цэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй боловч нээлт хийх цаг болсон учир амжихгүй гээд зүгээр л мартаж орхив.
2011 онд галын аюулын эсрэг төхөөрөмжийг шалгах үед юу ч ажилсангүй. Siemens-ийнхнийг энэ ажилд татан оролцуулж гал эсэргүүцэх систем, программ хангамжийг шинээр хийлгэх гэтэл ийм бичиг баримт гэх юм ерөөсөө олдсонгүй. Галаас хамгаалах янз бүрийн техник хэрэгслийг ямар нэг системгүйгээр хаа хамаагүй байрлуулсан зэргээс болоод Siemens юм хийе гээд ч боломж байсангүй. Нисэхийн удирдлагууд иймэрхүү системийг хэн нэгэнтэй зөвшилцөн хийх шаардлагагүй гэж үзсэний үр дүн нь энэ бөгөөд Берлиний удирдлагууд ч үүнийг мэдэж байсан байна.
Сэтгүүлчид терминалаар явж хэлэх үед галын аюулгүй байдлын систем ажиллахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон ба санаатай тавьсан утааг агааржуулах төхөөрөмж нь зайлуулах биш харин эсрэгээр буюу утааг буцааж танхимд оруулж байсан гэдэг. Энэ бол олон зуу мянган хүн утаанд хордож, угаартаж үхэх нөхцөл гэсэн үг.
Хэдийгээр энэ мэтийн олон болох бүтэхгүй зүйл байсан ч уг нисэх буудлыг ашиглалтад өгөх тухай олон янзын сурталчилгаа явж байлаа. Хэрвээ Siemens зэрэг тоног төхөөрөмж нийлүүлэх компаниуд үүнийг эсэргүүцэж хэвлэлийнхэнд болж байгаа явдлыг мэдэгдүүлээгүй бол нисэх буудлыг ашиглалтад авахад бэлэн байсан гэдэг. Энэ бүхний дараа нисэхийн дарга цэргүүдийг сольж жилийн дараа ашиглалтад өгөх үүрэг өгчээ.
2014 онд галын аюул мэдрэх мэдрэгч ажиллахгүй байсан учир нисэх буудлыг ашиглалтад авахыг болих дээрээ тулах үед удирдагч нар нь буудлын бүх л хэсэгт 800 гаруй ажилтныг тараан байрлуулж, тэд нар нь ямарваа нэг утаа, гал гарсан тохиолдолд утсаар мэдээлэх тухай боломжийг судалж байв. энэ бол тоглоом биш үнэн байдал бөгөөд 800 гаруй хүнийг хэрхэн байрлуулах тухай үнэхээр ярилцаж байсан юм гэнэ лээ.
Мөн агаар сэлгэх системийг санаандгүй байдлаар олсон ба нэг бүр нь 4 тонн жинтэй энэ систем нь байх ёстой хэмжээнээс гурав дахин бага даацтай тулгуур дээр тогтож байж. Унах эсэх тухай биш харин хэзээ унах бол гэсэн айдаст автсан хүмүүс яаран сандран тулгуурыг сольж эхэлсэн байна. Иймэрхүү байдлаар өөр юу гарч ирэхийг хэн ч мэдэхгүй бөгөөд зарим хүмүүс энэ бүхнийг бүгдийг зогсоож шинээр эхлүүлэх нь илүү хямд ,амар байх болно гэж үзэж байна. Анх нисэх буудлыг барьж эхлэх үед 600 сая еврогийн зардал гарна гэж тооцож байсан боловч 2015 оны эхний байдлаар 6 тэрбумын зардал гаргасан буюу өдөр болгон 1-1,5 сая еврогийн алдагдал хүлээж байгаа гэнэ. Жилд энэ тоо нь 400-550 сая евро гэсэн үг. Энэ мөнгө бүгд Германы татвар төлөгчдийн мөнгө бөгөөд тэдний энэ мөнгөөр барьсан нисэх буудлын мэдээллийн систем нь ажиллаж эхлээгүй байх үедээ хуучирч, солих хэрэгтэй болжээ.
Барилга барих явцад зорчигчид үйлчлэх, бүртгэх цэг хүрэлцэхгүй, утаа мэдрэгч ажиллахгүй, эсвэл 90 км урт цахилгааны шугам буруу газар тавигдсан, 4000 гаруй хаалганы дугаар буруу хийгдсэн гээд түмэн янзын бэрхшээл гарч ирж байсан байна. Наад зах нь гэхэд л уг буудлын бүх л гэрэл байнга асаалттай байсан ба шалтгаан нь энэ гэрлийг яаж унтраахыг мэдэх ганц ч хүн байхгүйтэй холбоотой юм. Германчуудын юманд яг таг зан араншин энэ буудлын хаагуур нь өнгөрөөд гараад явсныг ойлгох юм алга.
Цаг хугацаа явсаар, барилгын удирдлага, менежмент зэрэг олон хүмүүсийг мөрдөн байцааж шүүх явцад эдгээр техникийн гэмээр бэрхшээлүүд нь ямар нэг том зүйлийн далдлалт төдий зүйл бололтой гэсэн хардлага улам бүр газар авч байсан байна. Үнэндээ бол энэхүү том барилга нь төсвийн мөнгө идэх нэгэн том “саалийн үнээ” байж. Барилгачид менежментийнхэнд дунджаар 150 000-500 000 еврогийн авилга өгдөг, тэд хариуд нь бодит үйлчилгээний үнийг хэд дахин өсгөж бичсэн чек бэлддэг байсны нэг жишээ нь 18 сая евро төлөх ёстой ажлын хөлсөнд 33 сая евро төлж байсан явдал юм. Энэ арга ажиллагаа нь ал аль талын эрх ашигт нийцэж байсан тул барилгын ажил ийнхүү удсан байна.
Мөн энэ мөнгө идэх арга ажиллагаанд Берлин хотын захиргааны ажилтнууд холбогдсон боловч мөрдөн байцаагч нар авилгын энэ схемийг эцэслэг тогтооход ихээхэн хойрго хандаж байсан гэдэг.
Үүнээс өөр бас жишээнүүд байдгаас дурдвал Гамбургийн филармон ( барилгын ажлын зардал анх төлөвлөснөөс арав дахин нэмэгдсэн), Штутгартын станц (17 жилийн турш үргэлжлэн 4,6 тэрбум евро зарцуулсан) гээд зардлын хувьд бага боловч яг л Берлины нисэх буудал барихтай адил зовлон үзсэн объектууд байдаг билээ.