Шинэ коронавирусын халдвар авсан хүний тоо урд хөршид 70 мянга хол давж, 1700 гаруй хүн нас бараад байна. Мөн дэлхийн 26 оронд халдвар тархсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад гурван удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд шинэ коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд тооцогдсон нь монголчууд биднээс илүү хариуцлага шаардаж байна. Энэ үед төр, засгаас шуурхай арга хэмжээ авч орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж нэгдсэн удирдлагаар ажиллаж байгаа ч иргэдийн ухамсар, хариуцлага хамгийн чухал байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад халдвартай улс орноос зорчиж ирсэн 132 иргэнийг тусгаарлан сэжигтэй тохиолдлоор бүртгэж, тусгаарлан шинжилжээ. Үүний 87 нь Улаанбаатар хотод, 45 нь 15 аймагт бүртгэгдсэнээс шинжилгээний хариу бүгд сөрөг гарч халдваргүй нь тогтоогдсон билээ. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлагдсаны нэг нь Улаанбаатар-Токио чиглэлийн онгоцоор иржээ. Харин Гашуунсухайт боомтоор орж ирсэн 12, Замын-Үүд боомтоор орж ирсэн нэг иргэнийг орон нутгийн эмнэлгүүдэд тусгаарлан ажиглалт хийж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Мөн болзошгүй эрсдлийн үед ашиглахаар ХӨСҮТ-д 200 ор, Цэргийн төв эмнэлэгт 50 ор, УНТЭ-т 65 ор бэлдэж, шаардлагатай тохиолдолд Цэргийн төв эмнэлгийг бүрэн тусгаарлаж хоёр цаг хагасын дотор нүүлгэн шилжүүлэлт хийх бэлтгэл хангасан байна.
Ерөнхийлөгч цахимаар шинэлэхийг уриалав
Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зарлиг гаргасан. Тэгвэл төрийн тэргүүн Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалгыг дахин гаргалаа. Уриалгадаа “Коронавирусын халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Тиймээс настан буурлуудаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна” гэлээ.
Амьсгалын болон диализын аппарат нэмэлтээр захиаллаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, УНТЭ-д ажиллав. Шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоо мэдэгдлээ.
Мөн УАЗ- Фургон маркийн гурван автомашиныг ХӨСҮТ-д, АХБ-ны 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр амьсгалын болон диализын аппарат нэмэлтээр захиалж энэ сарын 25-ны өдөр ХӨСҮТ- д нийлүүлэхээр болжээ.
Г.Занданшатар: Сар шинийн гүйлгээнээс шимтгэл авахгүй байх чиглэл өгсөн
Их хурлын дарга Г.Занданшатар нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцав. Амны хаалт, ариутгагчийн нийлүүлэлт хангалтгүй байгаа. Харин иргэд хүнсээ нөөцөлж байгаагаас өргөн хэрэглээний барааны үнэ ханшийг хөөрөгдөх, зохиомлоор өсгөх байдал гарсныг худалдаа эрхлэгчид хэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Сар шинийн өдрүүдээр хийгдэж байгаа гүйлгээнээс шимтгэл авахгүй байх талаар Төвбанк болон банкуудын холбооныхонтой уулзаж, чиглэл өгсөн” гэв.
Т.Бадрал: Сайн малчин шагнах арга хэмжээг хойшлуулсан
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өгөв. Энэ үеэр Монголд шинэ коронавирусын халдвар илрээгүйг хэллээ. Хоёрдугаар сарын 13-нд Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргасан. Үүнээс хойш хилээр нэвтэрч орж ирэх иргэдийг орж ирсэн даруйд нь 14 хоног тусгаарлаж байгаа. Харин сар шинийн баяртай холбоотойгоор ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Шаардлагатай бол орон нутгийн замыг хаана. Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрэх байх. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Сайн малчин шагнах арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Ийм арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцохгүй” гэлээ. Онцгой байдлын байгууллагаас 1100 гаруй ААН-д үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тухай мэдэгдэл хүргүүлсэн бол 1187 эцэг, эхэд хүүхдээ харахад зориулан цалинтай чөлөө олгосон байна. Коронавирусын халдвар бүртгэгдээгүй гээд анхаарлаа сулруулж болохгүй. Амны хаалтаа зүүх, тогтмол агаар оруулах, унтах цагаа тогтмол хянах хэрэгтэй гэдгийг зөвлөлөө.
Явган эргүүлүүд амны хаалтаа зүүх, шүлсээ хаяхгүй байхыг сануулна
Коронавирусаас сэргийлэхийн тулд хотын төв, гэр хороололд эргүүл ажиллуулах талаар албаныхан мэдээлэл өглөө. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Коронавирусын халдвар, томуу томуу төст өвчний тархалт, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэл, дүүргийн албан хаагчид хуваарийн дагуу явган эргүүл хийж ажиллана. Явган эргүүлүүд хотын төв болон гэр хорооллын гудамжаар явж иргэдэд амны хаалтаа зүүх, олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байхыг сануулж ажиллах юм” гэв. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хувийн ариун цэврээ сайтар хангаж, онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг албаныхан зөвлөлөө.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин