Калифорни муж Дэлхийн 2-р дайны үед Япон гаралтай Америкчуудыг хорьж байсандаа уучлалт гуйна
Пүрэв гаригт Калифорнийн Хууль тогтоогчид АНУ-ын засгийн газар Япон гаралтай иргэдийнхээ эсрэг яс үндсээр ялгаварлан гадуурхсан үзэл бүхий үйл ажиллагаа явуулж байсан даа уучлал гуйх тогтоолыг батлах төлөвтэй байна.
Дэлхийн 2-р дайны үед нийт 10 хорих лагерьт 120,000 Япон гаралтай Америкчуудыг хорьж байжээ. Тэднийг Японы Эзэнт Гүрэнтэй хамтран улсынхаа эсрэг үйл ажиллагаа явуулна гэж эмээсний үндсэн дээр олноор нь хорьж байсан юм.
Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт хорих лагерь байгуулах тухай 9066 дугаар тушаалд 1942 оны 2-р сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан бөгөөд одоо жил бүрийн 2/19-ыг Япон гаралтай Америкчуудын хувьд хар өдөр болгон тэмдэглэдэг аж.
Өдгөө Калифорнид 430,000 Япон гаралтай иргэд байдаг бөгөөд тэдний ихэнх нь Лос Анжелес хотод амьдардаг.
1983 онд АНУ-ын Конгресс “арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс болж эдгээр хүмүүсийг хорьсон” гэж дүгнэж байсан юм. Таван жилийн дараа АНУ-ын засгийн газар албан ёсоор уучлалт гуйж, хохирогч бүрт 20 мянган доллар төлсөн байдаг.
АНУ-ын засгийн газрын гаргасан шийдвэрээс ялгаатай нь Калифорнийн тогтоолд нөхөн олговор олгох тухай заагаагүй байна. Гэхдээ Япон гаралтай Америк иргэд "Бидэнд мөнгө хэрэггүй. Бид эх орноороо бахархдаг учраас уучлал гуйж байгаа нь хангалттай" гэж мэдэгдсэн байна.