Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай
Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт та бүхэнд хүрдэг "Саак өнцөг" булангийн шинэ дугаар хүрч байна. Коронавирус, шувууны ханиад гээд эрүүл мэндэд заналхийлж буй аюулт өвчнүүд байгаа энэ цагт дархлаагаа тогтвортой байлгах нь хамгийн чухал билээ. Тэгвэл дархлааны системийг дарангуйлж, улмаар бусад олон өвчний эх үүсвэр болдог Д витамины дутагдлын талаар энэ удаа бэлтгэлээ.
Д витамин дутагдвал юу болох вэ?
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар манай улсын хүн амын 98% нь Д витамины дутагдалтай гэж гарчээ. Бүр тодруулбал 0-5 нас хүртэлх хүүхдүүдийн дунд 89,9% нь Д витамины нөөц багатай нь батлагдсан байна. Тэгвэл Д витамин дутагдсанаар ямар сөрөг үр дагавар гарах вэ?
Юун түрүүнд хүүхэд нэг л ядрангуй, сулбагар, ханиад томуунд өртөмтгий байгаа нь Д витамины дутагдлын илрэл аж. Учир нь Д витамин дутагдсанаар дархлаа муудаж, эрч хүч суларч, өвчлөлд өртөмтгий болдог байна. Цаашлаад сульдаа өвчтэй болох, тэр бүү хэл тархины эд эсэд хүртэл нөлөөлж сэтгэл гутралд орох эрсдлийг дагуулдаг аж.
Мөн манай улсын бага, дунд ангийн сурагчид хичээлдээ маш хүнд цүнхтэй явдаг тул яс хэврэг байвал нуруу нугалмайн өвчтэй болох давхар эрсдэлтэй. Тиймээс ясны бүтцийн бат бэх байдлыг нэмэгдүүлдэг Д витаминийг хангалттай хэмжээгээр авч байх хэрэгтэй.
Энгийн үед биед хоол хүнсээр авч байгаа кальцийн 15 хувь шимэгддэг бол Д аминдэм нэмэлтээр ууснаар 65 хувь болж нэмэгддэг байна. Энэ нь ясны бүтцийг сайжруулах юм.
Мөн вирусын гаралтай аймшигт тахал дэлхийг цочроож буй энэ цагт дархлааг тань дарангуйлж байж болзошгүй Д витамины дутагдалаас зайлсшгүй сэргийлэх шаардлагатай байна.
Д витаминаа хэрхэн нөхөх вэ?
Д витамины дутагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд өдрийн 11:00-15:00-ийн хооронд биеийн 15%-ийг наранд гаргахад тухайн өдрийн Д-ийн хэмжээгээ хангалттай авч болдог аж. Гэвч судлаачдын үзэж буйгаар тав, зургадугаар сард нарнаас Д витамин хувиргах хэмжээний их элч ирдэггүй бөгөөд зөвхөн долдугаар сар болон наймдугаар сарын эхэн үед витаминаа нөхөж авах боломжтой гэнэ.
Харин бусад үед эмнэлгийн байгууллагад хандаж, шинжилгээ өгөн өөрийн бие дэх Д витамины хэмжээг тодорхойлуулаарай. Ингэснээр ямар хэмжээний дутагдалтай байгаагаас шалтгаалж эмч танд хэр удаан хугацаанд, ямар тунгаар нэмэлт Д витамин хэрэглэхийг хэлж өгөх болно.