Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Чингис хаан" одонт, МУГЖ Г.Ариунбаатар, Испанийн алдарт дуурийн дуучин Пласидо Доминго нар ОХУ-ын Марийнскийн театрт энэ сарын 16-нд Симон Бокканеграгийн дуурьт хамтран дуулсан байна.
Дэлхийн дуурийн урлагийн амьд домог гэгддэг Пласидо Доминго сонгодог урлагт зүтгэсэн 50 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн жил хийсэн. Тэрбээр дэлхийн шилдэг 80 гоцлол дуучинтай хамтран дуулснаас өмнө нь Монгол Улсаас Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, дуучин Ч.Бадрал нартай хамтран дуулж байв.
Дашрамд сонирхуулахад, 2012 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдааны тэргүүн байрыг Монгол Улсын дуучин Э.Амартүвшин, АНУ-ын дуучин Рос Костанцо нар эзэлж, энэхүү тэмцээний түүхэнд анх удаа хоёр ялагч тодорч байв.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг