Хятад улс коронавирусийн халдвар тархсан бүс нутгуудад гүйлгээнд орсон бэлэн мөнгийг устгалд оруулна
Хятадын төв банк коронавирусийн дэгдэлтийг зогсоох зорилгоор халдвар ихээр тархсан бүс нутгуудаас цугларсан бэлэн мөнгийг устгах шийдвэр гаргасныг Кайсинь агентлаг бямба гарагт мэдээлэв.
Одоо арилжааны банкнууд халдвар авсан газраас авсан мөнгөн дэвсгэртийг шууд гүйлгээнээс хасаж ариутган төв банк руу хүлээлгэж өгөх үүрэгтэй болжээ.
Хамгийн сүүлийн тоо баримтыг үзвэл дэлхий даяар коронавирусийн халдварт 70,000 хүн өртөж 1670 хүн нас бараад байна. Үүнээс болоод судлаачид дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулж, томоохон корпорацууд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд гарсан чирэгдэл энэ улирлын тоо баримтад нөлөөлөх магадлалтай байгааг анхааруулж байна.
БНХАУ-ын Ардын банк шинэ мөнгөн тэмдэгтүүдийг өндөр температурт эсвэл хэт ягаан туяа ашиглан ариутгаж, эргэлтэд оруулахаас өмнө 14 хоног хадгалах болжээ. Ерөнхийдөө хуучирсан мөнгийг устгалд оруулж гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний тэнцвэрийг хадгалах нь хэвий үзэгдэл боловч халдварт өвчнөөс болоод ийм үйлдэл гаргах нь урьд хожид байгаагүй үзэгдэл юм.
Гуанжоу дахь томоохон банкны дэд захирлын орлогч "Ийм арга хэмжээ бүрэн үр дүнтэй байх эсэх нь эргэлзээтэй" гэж хэлжээ.
Төв банкны дэд захирал Фан Юйфэй өнгөрсөн бямба гаригт "1-р сарын 17-ны өдрөөс хойш 600 тэрбум юань буюу 85.6 тэрбум ам.долларыг Хятадын эдийн засгийг дэмжих зорилгоор гүйлгээнд оруулсан" гэж мэдэгдсэн байна.
Юйфэй мөн төв банк нь АНУ, Хятадын худалдааны дайны улмаас хүнд байдалд ороод байгаа бизнес эрхлэгчдэд туслахын тулд банкуудад санхүүжилт нэмж өгөх болно гэжээ.
Сүүлийн жилүүдэд худалдааны дайнаас болоод Хятадын эдийн засгийн өсөлт саарчээ. Одоо коронавирусаас болоод тус орны эдийн засгийн өсөлт 1.6 хувиар буурах төлөвтэй байна гэж Голдман Сакс мэдээлэв. Энэхүү удаашрал нь Азийн бусад эдийн засагт ч сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.