Гар утас хорт хавдар үүсгэдэггүй болохыг АНУ-ын Засгийн газрын агентлаг баталжээ
Гар утаснаас ялгардаг цацраг нь хүний биед шингэдэг нь ямар ч маргаангүй. Харин энэ нь хорт хавдар үүсгэх нөхцөл болдог эсэх нь олон жилийн турш маргаантай асуудал байсаар ирсэн билээ.
Тэгвэл АНУ-ын засгийн газрын хүнсний хэрэглээ, бодлого зохицуулах байгууллагын /FDA/ шинэчилсэн тайланд "Гар утас хорт хавдар үүсгэдэггүй" хэмээн дурджээ. Тус агентлаг нь сүүлийн 10 жилийн хугацаанд нийтлэгдсэн 125 судалгаанд дүн шинжилгээ хийсний дараа утаснаас гарч буй цацраг нь хүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
"FDA-ийн олон жилийн турш явуулсан судалгааны үр дүнд одоо хэрэглэгдэж байгаа гар утаснаас ялгарч буй долгион хорт хавдар болоод түүнтэй ижил өвчлөл үүсгэдэггүй болохыг баталж байна" гэж тайланд дурджээ.
Гэхдээ удахгүй хэрэглээнд нэвтрэх "5G" сүлжээний гар утас хүний биед өөрөөр нөлөөлөх болов уу?
"5G" сүлжээ нь өмнөх үүрэн холбооны төхөөрөмжөөс илүү өндөр давтамжтай ажилладаг боловч Холбооны Комиссын радио давтамжийн энергийн хязгаарлалтыг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл "5G" сүлжээ нь илүү аюулгүй гэсэн үг юм.
"5G-ийн олон шинж чанар тодорхойгүй хэвээр байгаа хэдий ч "5G" гар утас нь одоогийн олон улсын стандартад тусгагдсан давтамжийг ашиглах болно. Мөн өнөөгийн шинжлэх ухааны нотолгоонд суурилсан дүгнэлтээс үзвэл эдгээр давтамжийг бүрэн хянах боломжтой" гэж АНУ-ын харилцаа холбооны яамнаас мэдэгджээ.
Гэсэн хэдий ч "FDA"-ийн эмч, эрдэмтэн, инженерүүд гар утасны радио давтамжийн энерги нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг нотлох баримтыг үргэлжлүүлэн хайх болно хэмээн мэдэгджээ.