Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотойгоор цаг үеийн мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Завхан аймагт тусгаарласан сэжигтэй тохиолдлын сорьц өчигдөр орой ирсэн. Одоо шинжилгээ хийж байна. Завханд тусгаарласан тохиолдол нь долоон настай хүүхэд. Хүүгийн ээж, аавыг ч тусгаарласан. Эрээн хотод амьдардаг, аав нь Хятад, ээж нь монгол, хүүхэд нь долоон настай ийм гэр бүл. Энэ гэр бүл Улаанбаатарт ирэхдээ очсон айлын хүмүүсийг ч ажиглалтад оруулсан. Шинжилгээний хариу гартал ажиглалтад байлгана” гэлээ.
Мөн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Засгийн газар, Ерөнхийлөгчөөс цагаан сарыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс хүн амын нягтрал үүсгэхгүй байх, олноороо цуглаж бууз, банш хийхгүй байх, хүнсний зах руу олноороо явахгүй байх. Мөн хоорондоо нэг метрийн зайнаас харьцах зүйтэй өмнө нь анхааруулж байсан бол одоо хоёр метрийн зайнаас харьцах хэрэгтэйг зарим эрдэмтэн, судлаачид анхааруулсан байна.
Өөрөөр хэлбэл, олноор цугларсан газар очихгүй байх нь халдвараас сэргийлэх чухал зүйл гэдгийг хэлж байгаа юм. Нөгөөтээгүүр, амны хаалт тогтмол зүүж байхыг анхааруулъя. ГХЯ-аас мэдээлснээр өчигдөр Египет улсад коронавирусын халдварын нэг тохиолдол шинээр нэмэгдсэн гэсэн мэдээлэл байна" гэлээ.