Трамптай утсаар "ширүүхэн" ярьсны дараа Британийн ерөнхий сайд АНУ-д хийх айлчлалаа цуцалжээ
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсныхаа дараа ирэх сард төлөвлөсөн байсан АНУ-д хийх айлчлалаа цуцалсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар төрийн тэргүүнүүдийн яриа тун ширүүн болж, Дональд Трамп яриагаа дуусгалгүй утсаа шууд тасалсан аж.
Борис Жонсоны хувьд хэдийгээр өнгөрсөн сард Вашингтонд Трамптай уулзахаар төлөвлөсөн байсан боловч Ираны асуудал, Huawei-ийн хэрэг гэх мэт асуудлаар Америкийн ерөнхийлөгчтэй тохиролцож чадахгүй байсан тул хойшлуулсаар өдийг хүрсэн юм. Улмаар дээрх ам муруйлтаас болж тэрбээр 6-р сард болох Их 7-ын уулзалт хүртэл Трамптай уулзахгүй байх төлөвтэйг шинжээчид онцолжээ.
Хятадын технологийн Huawei компани 5G сүлжээг Британид оруулж ирэх тал дээр Вашингтон шүүмжлэлтэй ханддаг. Huawei компани Британид байр сууриа бэхжүүлснээр хоёр орны хоорондох нууц материалууд Хятадын гарт орох нөхцөл бүрдэнэ гэж АНУ эмээж байгаа аж. Жонсон хэрэв тус компанид зөвшөөрөл олговол батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа цуцлах болно гэж Трамп өмнө нь хэд хэдэн удаа сүрдүүлж байв.